Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засаг сэргэхээр Эдийн засгийн бодлогын яам, Цахим хөгжлийн яамыг байгуулна

Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засаг сэргэхээр Эдийн засгийн бодлогын яам, Цахим хөгжлийн яамыг байгуулна

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Өмнөх Ерөнхий сайдын сайн өвийг хадгалж яваарай. Тухайлбал, банкны эздийн түрэмгийллийг хязгаарласан. Үүнийг үргэлжлүүлээрэй, хонгилийг нураах ажлыг эхлүүлсэн. Монгол Улсын төсвийн сахилга батыг бий болгож чадсан. Энэ ажлыг цаашаа нэр төртэй авч яваарай. Бизнесийг улс төрөөс тусад нь авч явах нь Хүрэлсүхийн Засгийн газраас танд үлдээж байгаа өв. Үүнийг цааш нь авч яваарай. Та Алсын хараа 2050 гээд явж байгаа. Үүнийг ажил болгох институц хэрэгтэй" гэв. 

Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газрын бүтэцтэй холбоотой асуудал дээр цар тахалтай үед өөрчлөлт хийхгүй явах нь зүйтэй гэж үзэж байгаа. Гэхдээ цар тахлын дараа, эдийн засаг сэргэх үед хоёр яам нэмж байгуулна. Нэгд, Эдийн засаг хөгжлийн яам. Энэ яам нь томоохон төсөл, Эрдэнэс Монгол, гаднаас хөрөнгө оруулалт босгох ажлыг хариуцна. Эдийн засгийн бодлогын яам бодлогоо урт хугацаагаар тодорхойлж, хөтөлбөрийн дагуу Сангийн яам санхүүжүүлнэ. Зардал нэмэгдэж байгаа гэдэг өнцгөөс битгий гараарай. Хоёрт, Цахим хөгжлийн яамыг байгуулах ёстой. Төрийн албаны данхайсан бүтцийг 30-35 хувиар бууруулна. Асар их хэмжээний цаас хэмнэнэ. Төрийн үйлчилгээг төвлөрүүлж байгаа. Ирэх гурван жилийн хугацаанд төрийн бүх үйлчилгээг  цахимд төвлөрүүлнэ. Төрийн үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлэхгүй бол авлигатай тэмцэхэд оролцохгүй байна гэж үзнэ. Энэ хоёр яамыг намрын чуулганаар оруулж ирж хэлэлцүүлнэ" гэсэн юм.