Б.Солонгоо: Оюу толгойн асуудлыг аль болох зөвшилцлийн замаар шийдвэрлэх байр суурьтай байна

Б.Солонгоо: Оюу толгойн асуудлыг аль болох зөвшилцлийн замаар шийдвэрлэх байр суурьтай байна

Монгол Улсын Засгийн газар Оюу толгойн далд уурхайн гэрээг цуцлах асуудлаар “Рио Тинто” болон “Туркойз Хилл” компаниудад хандсан гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Тэгвэл уг асуудал ямар түвшинд яваа, хөрөнгө оруулагч талууд ямар байр суурьтай байгаа талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга дэд дарга  Б.Солонгоо “Блүүмбэрг” телевизэд ярилцлага өгчээ.

Тэрбээр “Өнгөрсөн удаа бид "Рио Тинто" компаниас гаргасан санхүүгийн тооцоололд дүн шинжилгээ хийхэд Монгол Улсад ашиггүй дүр зураг харагдаж байна гэж мэдэгдэж байсан. Үүнтэй холбоотойгоор хөрөнгө оруулагч тал “Рио Тинто”, “Туркойз Хилл” компаниудтай яриа хэлэлцээрээ үргэлжлүүлээд явж байна. Хамгийн сүүлд буюу нэгдүгээр сарын 22-ны өдөр цахим уулзалтыг зохион байгуулсан.

Бид “Оюу толгой” төсөл одоогийн байдлаар манай улсад үр ашиг маш бага, Монгол Улсын эрх ашигт нийцээгүй байна гэдэгтэй санал нэг байгаа.

Засгийн газар далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөөг эргэн харах зайлшгүй шаардлагатай байна. Учир нь УИХ-ын 92 дугаар тогтоолын дагуу уг баримт бичиг Монгол улсын хууль тогтоомж, эрх ашигт нийцээгүй гэсэн дүгнэлт гарсан.  Тиймээс энэ ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна гэсэн хүсэлт шаардлагыг хөрөнгө оруулагч талд тавьсан байгаа. “Рио Тонто”, “Туркойз Хилл”-ийн зүгээс аль болох зөвшилцлийн замаар, гэрээг шинэчлэх томоохон хэмжээний нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар шийдвэрлэе гэдэг байр суурьтай байна. Бид ч аль болох зөвшилцлийн замаар шийдвэрлэхийг хичээж байна” гэжээ.