МАН-ын үе, үеийн дарга нар Засгийн газарт төлөөллөө оруулахаар зүтгэж байна

МАН-ын үе, үеийн дарга нар Засгийн газарт төлөөллөө оруулахаар зүтгэж байна

Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаан товлогдож Ерөнхий сайдыг томилж магадгүй байна. Учир нь Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад томилох саналыг МАН-ын бүлгээс өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт /2021.01.22/ Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлсэн. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга уг саналыг УИХ-ын тогтоолын төсөл болгож тав хоногийн дотор УИХ-д өргөн барих хуультай. Уг хуулийн хугацаа өнөөдөр дуусч байна. Тэгэхээр Х.Баттулга УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр өргөн барих болов уу гэсэн хүлээлт байна.

Олон нийтийн зүгээс уг тав хоногт Засгийн газарт ажиллах сайд нарыг хэн байх вэ гэдэгт анхаарлаа хандуулж дор бүрнээ таамаг дэвшүүлсэн. Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажиллах сайд нарыг У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нарын хүмүүс л шийдэж байгаа аж.

Түүнээс гадна өнгөрсөн баасан гаригт У.Хүрэлсүх МАН-ын үе, үеийн дарга нарыг Тусгаар тогтнолын ордонд урьж уулзсан. Уг уулзалтад С.Баяраас бусад бүх дарга нар буюу Ө.Энхтүвшин, М.Энхболд, Сү.Батболд нар ч ирсэн гэх мэдээлэл бий. Үе, үеийн дарга нар МАН-ын 100 жилийг ойг тэмдэглэн өнгөрүүлэх асуудалтай холбоотойгоор зохион байгуулалтын ганц, хоёр зүйл ярьсны дараа голлон Засгийн газарт хэн, хэдэн төлөөллөө оруулах саналаа хэлсэн гэх.

У.Хүрэлсүх ч бүх талын эрх ашгийг хангаж Засгийн газарт төлөөллийг нь оруулахын тулд тэднийг урьсан нь тодорхой. Энэ нь ирэх өдрүүдэд гарах хагарал, намын доторх тэмцэл өөрийнх нь эсрэг хөдлөх үйлдлээс сэргийлсэн ажил. МАН Ерөнхийлөгчийн сонгуульд эвтэй, найртай оролцож 100 жилээ бүтэн амжилттай угтахын тулд бүх фракцынхаа эрх ашгийг хангах нь У.Хүрэлсүхэд чухал. Тийм ч учраас энэ өдрүүдэд Тусгаар тогтнолын ордонд цаг, наргүй уулзалтууд болж шинэ Засгийн газрын бүтцийг зурж буй бололтой.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар М.Энхболдын давуутай олон хүн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажиллах бололтой. Мөн Ө.Энхтүвшин, Ж.Мөнхбат, Д.Амарбаясгалан, Г.Занданшатар, Сү.Батболд зэрэг хүмүүс Засгийн газарт өөрийн хүн болох төлөөллөө зүтгүүлж байгаа аж. Үүний хажуугаар хуучин сайд нар үлдэхээр зүтгэж хөл, толгой нь мэдэгдэхгүй бужигнаан Тусгаар тогтнолын ордонд болж байгаа гэх.

Одоогийн байдлаар хэн энэ яамны сайд болно гэх тоймтой мэдээлэл МАН-ынханд ч үгүй бөгөөд мэдээллийг зөвхөн дарга нар хайрцагласан гэх. Үүнд МАН-ын залуус бухимдаж байгаа ч гэх мэдээлэл байна.

Шинэ Ерөнхий сайд томилогдсоны дараа өөрөө танхимын сайд нараа томилж, Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулж, тангараг өргүүлснээр шинэ Засгийн газар байгуулагдана.