ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, С.Ганбаатар гишүүнтэй уулзаж өлсгөлөнгөө зогсоохыг хүслээ

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, С.Ганбаатар гишүүнтэй уулзаж өлсгөлөнгөө зогсоохыг хүслээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюу толгойн асуудлаар өчигдрөөс /2021.01.25/ эхлэн Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байгаа билээ. Тэгвэл ХЗДХЯ-ны сайд Х.Нямбаатар болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын орлогч дарга Б.Солонгоо нар түүнтэй уулзаж, өлсгөлөнгөө зогсоохыг хүслээ. Мөн түүнийг Оюу толгойн асуудалд Монголыг төлөөлөх ажлын хэсэгт орж ажиллахыг урьлаа.

ХЗДХЯ-ны сайд Х.Нямбаатар “Би Засгийн газрыг төлөөлж, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонготой хамт ирлээ. Нэгдүгээрт, таныг эрүүл мэндээ бод гэж удирдлагуудаас танд хэлүүлсэн. Хоёрдугаарт, У.Хүрэлсүхийн Засгийн газар Оюутолгойн гэрээг өөрчлөх ажлын хэсгийг хэд хэдэн удаа хуралдуулж, тодорхой үр дүнд хүрээд байгаа. 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр энэ ажлын хэсэг Рио Тинтогийнхонтой хэлэлцээрийн ширээнд суусан. Монголын Засгийн газар анх удаа хөрөнгө оруулагч талд шаардлага тавьлаа.

Үүнд, Дубайн гэрээг бүр мөсөн цуцлах, мөн 2009 онд анх байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээг засан сайжруулах биш нэмэлт өөрчлөлт оруулъя гэсэн шаардлага тавьж байгаа. 2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр ажлын хэсэг хөрөнгө оруулагч талтай видео хурал хийсэн.

Хөрөнгө оруулагч талд Монголын Засгийн газраас таьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Хөрөнгө оруулалтын гэрээг цуцлахаа илэрхийлсэн.

Хөрөнгө оруулагчид энэ дээр нэлээд цочирдсон байр суурьтай байгаа.Тэгэхээр энэ асуудал дээр бид тантай хамтарч тэмцэл зохион байгуулъя. Оюутолгойн гэрээг монголчуудад ашигтай байх, сайжруулах тал дээр тантай хамтаръя гэдгийг Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх хэлүүллээ. Шинэ Ерөнхий сайдад нэр дэвшсэн Л.Оюун-Эрдэнэ томилогдоогүй байгаа учир ирж таны шаардлагыг хүлээн авах нь зохимжгүй юм. Тантай үзэл бодол, үйл хэрэг нэг байгаа гэдгээ илэрхийлсэн. Идэр есийн хүйтэнд эрүүл мэндээ бодохыг танаас хүсэж байна.  Хоёрдугаарт, цар тахлын үед эрсдэлийг бодох нь зүйтэй болов уу” гэлээ.

Харин С.Ганбаатар гишүүн “Олон улсын шүүх дээр Монгол Улсын Ерөнхий сайд нэхэмжлэл гаргаж, Монголын ард түмний эрх ашгийг төлөөлж, тус гэрээг шууд цуцлах” хүртэл өлсгөлөнгөө зарлана гэдгээ хэллээ.




Өнөөдөр бар өдөр

32 минутын өмнө