Э.Одбаяр: Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийн жагсаалыг турхирсан

Э.Одбаяр: Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийн жагсаалыг турхирсан

"Зон олны нам"-ын дарга Э.Одбаяр Ерөнхийлөгч Х.Баттулгыг огцруулах асуудлаар Үндсэн хуулийн хуулийн цэцэд хандаж буйгаа мэдэгдлээ.

Тэрбээр энэ талаар мэдээлэл өгөхдөө "2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатарын талбайд иргэдийн жагсаал, цуглаан болсон. Уг жагсаал нь иргэдийн хүсэл сонирхол дээр тулгуурласан дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлэх жагсаал байсан. Үүнийг үнэхээр цэвэр иргэдийн жагсаал байсан эсэхийг Цагдаагийн байгууллагаас яаралтай тогтоох байх. Тогтоохыг ч шаардаж байна.

Энэ өдөр иргэд сайн дураараа жагсаж байхад Ерөнхийлөгч Х.Баттулгын хамаарал бүхий улс төрчид буюу Ц.Туваан тэргүүтэй нөхөд Сүхбаатарын талбайд гарч ирсэн. Тэд иргэдийн цугласан цуглааныг зохион байгуулж, дэмжиж байгаа мэтээр аашилж аягласан. Тэгэхээр нь хөөж явуулсан. Үүний дараа Х.Баттулгад зүтгэдэг нөхдүүд цэвэр үзэл санааны нэгдэл дээр цугласан иргэдийн жагсаалын янз бүрийн байдлаар турхирсан. Ингээд орой 19.00 цагийн үед энэ үйл ажиллагаа нь бүр эрчимжсэн.

Энэ нь хяналтаас ч гарах эрсдэлтэй байсан. Монгол улсын Ерөнхийлөгч нь ард түмний эв нэгдлийг сахиулах үүрэгтэй хүн. Гэтэл ард түмнийг хооронд нь талцуулах үйлдлийг гаргадаг байж болохгүй. Тиймээс бид тэр орой жагсаал, цуглааны үеэр бүх хэсгүүд дээр уриалга хүргүүлсэн. Тодруулбал, байдал хэвийн байна, турхирч буй хүмүүсийн турхиралтад автахгүйн тулд тарцгаая, гэртээ харьцгаая, тодорхой зорилгод хүрсэн учир тарцгаая гэж уриалсан.

Нялх биетэй ээж, нярайн асуудлыг, УОК, Засгаас авсан буруутай үйл ажиллагааг нь шүүмжилж байсан болохоос биш Тавантолгой, Оюутолгой, Нэг сая төгрөг огт яриагүй.  Гэтэл оройхон энэ талаар илүү их ярьж "Ордон руу дайръя. Тодорхой хүмүүсийг барьж гаргаж ирье" гэж орилж эхэлсэн.

Бид Ардчилсан хүнлэг нийгмийг байгуулж буй улс. Тийм учраас сөрөг хүчний байр суурины үүднээс асуудлыг тавьж шүүмжлэх ёстой болохоос ийм зэрлэг үйлдлийг гаргаж болохгүй. Ялангуяа Ерөнхийлөгч нь ард иргэдээ турхирч болохгүй. Тэр өдөр хэн ногоон байшингаас хайрцагтай архи гарч ирсэн, хэн юу ярьсан, ямар үйлдэл гаргасныг хуулийн байгууллагууд баримтжуулж авсан байх" гэлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга нь ийнхүү Үндсэн хууль зөрчсөн байх магадлалтай тул Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа аж.