АТГ-ЫН ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛ: Авилгажсан “Оюутолгойн” гэрээний асуудлаас болж Засгийн газар огцорсон

АТГ-ЫН ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛ: Авилгажсан “Оюутолгойн” гэрээний асуудлаас болж Засгийн газар огцорсон

Авилгатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан болон гишүүн И.Мөнхжаргал нар өнөөдөр олон нийтэд хандан мэдээлэл хийлээ.

Энэ үеэр АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан “Оюутолгойн асуудал авилгалд автсан нь олон нийтэд ил болоод байна. н.Дашдаваа даргатай манай АТГ ажлаа маш сайн хийсний үндсэн дээр өндөр түвшний авилгын асуудлыг илчилж, гадаадад болон дотоодод нуусан хөрөнгүүдийг битүүмжилж, хурааж, оффшор данснаас мөнгө оруулж ирэх ажлуудыг маш эрчимтэй хийсэн. Гэвч энэ бүхнийг дүгнэж, шийдвэр гаргадаг УИХ огт ажлаа хийхгүй байна. Тухайлбал, Оюутолгойн гэрээ гэх авилгажсан гэрээг яагаад байгуулснаа олон нийтэд мэдээлэхгүй байна. Гурван тэрбум долларын хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүний асуудлыг ч огт хөндөхгүй байна. Өнгөрсөн долоо хоногт энэ Оюутолгойн гэрээнээс болж Засгийн газар зохион байгуулалттайгаар огцорсон гэдгийг монголын ард түмэн мэдэж байгаа.

Мөн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Төрийн ордны зүүн жигүүрийн гуравдугаар давхарт шүүгч нарыг дуудаж, чиглэл заавар өгдөг" гэж мэдэгдсэн. Хэрэв ийм үйлдэл үнэхээр гарсан бол УИХ-ын гишүүн үүнийг илчлээгүй, нүдэн балай чихэн дүлий явснаараа хариуцлага хүлээх ёстой. Энэ бол гэмт хэрэг. Тиймээс Х.Нямбаатар гишүүнд хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна. Гуравдугаарт, өнөөдөр өндөр түвшний авилгын хэрэгт холбогдсон хүмүүст хангалттай хариуцлага тооцохгүй байна, ял нь зөөлдөж байна гэсэн хандлагыг ард түмэн гаргаж эхэлсэн. Жишээлбэл, УИХ-ын гишүүн байсан Б.Ундармаа, Ж.Эрдэнэбат, Д.Эрдэнэбат гээд өндөр түвшний авилгын хэрэгт холбогдсон этгээдүүдийг ард түмэн жагсааж байна. Үнэхээр шүүх хараат байгаа юу гэдэг дээр мэдэгдэл хийх цаг ирсэн гэж бодож байна” хэмээн мэдээллээ.

Мөн энэ үеэр АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн И.Мөнхжаргал, АТГ-ын дарга, дэд даргын Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ томилдог байсан. Гэтэл үүнийг ерөнхийлөн захирагч руу шилжүүлж байгаа нь буруу. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн аваагүй. ШЕЗ үүн дээр хариу тайлбар хийх хэрэгтэй" гэсэн мэдээлэлэ өглөө.