Д.Ганбат: АН-ын бүлэг Л.Оюун-Эрдэнийг дэмжихгүй

Д.Ганбат: АН-ын бүлэг Л.Оюун-Эрдэнийг дэмжихгүй

УИХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Коронавируст цар тахлын хүнд үед МАН сандал ширээний асуудал ярьж байна. Ерөнхийлөгч Авилгатай тэмцэх тухай хуульд хориг тавьсан. Хоригийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэхэд АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авлаа. Энэ хуулийг нягталж үзэх ёстой. Ерөнхийлөгч энэ сарын 8-нд "Коронавирус халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм эдийн засгийн бэрхшээлийг даван туулах тухай" онцгой арга хэмжээний УИХ-ын тогтоол өргөн барьсан. Өнөөдөр нэгдүгээр сарын 25-н. Гэтэл энэ тогтоолыг одоо хүртэл хэлэлцээгүй. УИХ-ын намрын чуулган удахгүй завсарлах гэж байна.

Ямар ч байсан УИХ төрийн эрх барих дээд байгууллагын хувьд тогтоолыг хэлэлцэж шийдвэр гаргах учиртай. Олон улс ийм тогтоол гаргаж ард түмнээ дэмжиж байна. Тухайлбал 800 мянган төгрөгийг ААН-ээр дамжуулан иргэдэд өгье гэж тогтоолд тусгасан. Мөн 200 мянган төгрөгийг иргэдэд бэлнээр өгөх нь зүйтэй гэсэн байгаа.

Нэн чухал шаардлагатай үед энэ тогтоолыг яаралтай горимоор хэлэлцэх хэрэгтэй. Эх үүсвэр байхгүй гэдэг асуудлыг ярьж байгаа.  Уг тогтоолыг хэрэгжүүлэхэд 900 орчим тэрбумын санхүүжилт хэрэгтэй гэсэн тооцоо гарч байна. Оффшор бүсээс мөнгө оруулж ирээд энэ мөнгийг иргэдэд олгож болно.

Энд бас нэг зүйл хэлье. Хэдхэн хоногийн өмнө болсон  жагсаал АН-ын бүлэгтэй мөн ямар ч хамаагүй. Манай улсын шинэ Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ томилогдох гэж байна. АН-ын бүлэг энэ хүнийг дэмжих боломжгүй. Л.Оюун-Эрдэнэ өмнөх Засгийн газарт хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан хүн. Өмнөх Засгийн газар танхимаараа хариуцлага хүлээх ёстой. Монгол Улсын Засгийн газар ард түмнээр тоглоом хийж болохгүй” гэлээ.

ҮЗЭХ: