Ерөнхийлөгч Х.Баттулгын “уулзъя” гэсэн хүсэлтээс С.Эрдэнэ татгалзжээ

Ерөнхийлөгч Х.Баттулгын “уулзъя” гэсэн хүсэлтээс С.Эрдэнэ татгалзжээ

С.Эрдэнийн хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн Ц.Тувааны хэрэглэж байсан 1117237845 дугаартай АН-ын тамгыг Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-аас хүчингүй болгож, улмаар АН-ын 9020120477 дугаартай шинэ тамгыг Улсын бүртгэлд шинээр бүртгэгдсэн байдаг. 

Тодруулбал, тус 9020120477 дугаартай АН-ын тамгыг, тус намын дарга С.Эрдэнэ одоо барьж буй ажээ. Энэ талаар УБЕГ-аас “С.Эрдэнийг намын даргаар томилсныг 2017 оны гуравдугаар сард бүртгэсэн гэсэн мэдээллийг үндэслэн АН-ын тамга, тэмдгийн хяналтын дугаар /1117237845/-ыг хүчингүй болгож, тамга, тэмдгийн хяналтын дугаар /9020120477/-аар дахин олгосон” гэж мэдэгдсэн. 

Мөн Ц.Туваан нарын боловсруулсан АН-ын дүрмийн өөрчлөлтийг Улсын Дээд шүүх хүлээж авахаас татгалзсан. Харин энэ бүх үйл явдлын ард Ерөнхийлөгч Х.Баттулга байгаа, тэрээр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшихийн тулд Ц.Туваанаар дамжуулан “АН-д энэ бүхнийг” хийж байж болзошгүй гэж зарим иргэд хардаж буй. 

Иймд зарим хэвлэлд С.Эрдэнийг Ерөнхийлөгч Х.Баттулга дуудаж уулзсан. Тус уулзалтын үеэр “Х.Баттулга: Намыг нэгтгэхэд би дэмжиж тусална, МоАХ-ны хүчийг ч хаяна. Ерөнхийлөгчийн сонгуульд нам ялах ёстой. Тэр тусмаа би ялж та нарт тусална” гэж С.Эрдэнэд хандаж хэлсэн, уулзалт нэлээдгүй удаан үргэлжилсэн зэргээр мэдээлж буй юм. 

Тэгвэл бид энэ талаар АН-ын эх сурвалжаас тодруулахад, Ерөнхийлөгч Х.Баттулга, АН-ын П.Нүрзэд болон өөрийн туслахаараа дамжуулж “С.Эрдэнэтэй уулзъя, төрийн ордонд хүрээд ир" гэж энэ сарын 20-ны өдөр буюу олон нийтийн жагсаал болохоос өмнө уламжлуулсан. Гэсэн хэдий ч С.Эрдэнэ Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаагүй. Түүний "уулзъя" гэх хүсэлтийг хүлээж аваагүй, татгалзсан” гэж мэдэгдлээ.