Чуулганы хуралдаанаар нийт гишүүдийн 95,2 хувь нь Засгийн газрыг огцрохыг дэмжлээ

2021-01-21 19:22

Чуулганы хуралдаанаар нийт гишүүдийн 95,2 хувь нь Засгийн газрыг огцрохыг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахыг дэмжлээ. Тодруулбал, хуралдаанд нийт 63 гишүүн оролцсоноос 60 гишүүн буюу 95,2 хувь нь Засгийн газрыг огцрохыг дэмжлээ. Ингэснээр 1992 оны шинэ Үндсэн хуулиас хойш анх удаа Засгийн газар өөрийн хүсэлтээр бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байна.

2017 онд анх сонгогдож, 2020 онд улиран томилогдсон У.Хүрэлсүхийн Засгийн газар нь Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн нийт 17 гишүүнтэйгээр ажиллаж байсан билээ. Үүнд: 

  • Шадар сайд Я.Содбаатар
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл
  • Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр
  • Гадаад харилцааны сайд Н.Энхтайван
  • Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа
  • Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар
  • Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн
  • Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан
  • Эрчим хүчний сайд Н.Тавинбэх
  • Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан
  • Соёлын сайд С.Чулуун нар багтаж ажиллаж байсан юм. 

2021-01-21 17:10

LIVE: Ерөнхий сайд ба түүний танхимыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.21/ хуралдаан 52.7 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Цар тахлын үед мөрдөх журмын дагуу УИХ-ын гишүүд Төрийн ордон дахь таван танхимд хуваагдан сууж цахимаар  хуралдаа оролцож байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна.