УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.01.18/ цахимаар хуралдаж, хоёр асуудал хэлэлцсэний нэг нь Ерөнхийлөгч Х.Баттулгаас УИХ-д өргөн барьсан “Өрх бүрт нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл байв.
Тэгвэл уг тогтоолын төслийг хэлэлцэж гишүүдийн олонх нь холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн МАН-ын бүлгээс өмнө нь мэдээлсэн. Гэтэл уг мэдээллийн дараа тун удалгүй тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэвлэлийнхэнд мэдээлэл өгч "Тогтоолын төслийгдахин сайн нягталж хэлэлцэх шаардлагатай гэж МАН-ын бүлгээс үзсэн. Ямар ч шийдвэр гаргаагүй" гэж хэлэн өмнөх мэдээллээ үгүйсгэлээ.
Тодруулбал тэрбээр "МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан "Өрх бүрт нэг сая төгрөг олгох" тогтоолын төслийг дахин хэлэлцэх шаардлагатай л гэж үзсэн. Түүнээс хойшлуулаагүй, дэмжсэн, дэмжээгүй гэж гэдэг шийдвэрийг гаргаагүй. Санхүү, эдийн засгийн тооцооллыг сайн хийх хэрэгтай, Засгийн газрын саналыг сонсох ёстой. Оффшороос мөнгө орж ирсэн, ирээгүйг мэдэх шаардлага бий. Ялангуяа, АТГ, прокурорын байгууллагаас асууж, тодруулах зүйл байна гэж үзсэн. УИХ-ын болон Дэгийн тухай хуулиар ийм тогтоолын төслийг хууль, зүйд нийцэж буй эсэхийг авч үзэх ёстой юм байна гэж үзсэн. Судлаад, санал боловсруулж дахиж бүлгийн хурлаар яриад байнгын хороогоор хэлэлцээд явах ёстой гэж үзсэн" гэлээ.