Сү.Батболд, Ц.Оюунгэрэл нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд нам дотроо өрсөлдөхөө зарлав

Сү.Батболд, Ц.Оюунгэрэл нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд нам дотроо өрсөлдөхөө зарлав

Ерөнхийлөгчийн сонгууль болоход зургаан сарын хугацаа дутуу байгаа энэ үед намууд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг одооноос олон нийтийн анхаарлыг татаж энэ тухай улс төрийн хүрээнд ажил хэргийн түвшинд ярьж эхлээд байна. 

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль нь онцлогтой бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 30.2 дахь заалтаар Монгол улсын ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилээр сонгох юм. 

Ардчилсан намаас Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэр дэвшинэ гэх таамаг буй ч яг дээрх заалтаар тэрбээр хайчинд орсон. Энэ асуудал хуульчдын дунд маргаан үүсгэж Цэц дээр очих ч магадлалтай байгаа юм. Х.Баттулгын нэр дэвшихтэй холбоотой энэ мэт маргаантай асуудал байгаа ч одоогоор АН-аас УИХ-ын гишүүн, сайд асан Ц.Оюунгэрэл нэрээ дэвшүүлнэ гэдгээ албан ёсоор зарлаад байгаа юм. 

Харин МАН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нэр дэвшинэ гэсэн бат, итгэл байсан ч саяхнаас нөхцөл, байдал өөрчлөгдсөн гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж байгаа юм. 

Өөрөөр хэлбэл, түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулгатай тохиролцоонд хүрс бүр тодруулбал “АТГ-ын даргыг Ерөнхий сайд томилдог” тохироонд хүрч, Ерөнхийлөгчид Сү.Батболдыг дэвшүүлэхээр тохирсон гэж буй. 

Үүнийг ч Сү.Батболд баталж намынхан нь итгэл хүлээлгэвэл нам дотроо өрсөлдөхөд бэлэн гэдгээ илэрхийлжээ. 

Тэрбээр өнөөдөр Монголын мэдээ сонинд өгсөн ярилцлагадаа "Намайг намын дарга байсан, Ерөнхий сайдаар ажиллаж байсан туршлагатай, одоо ч улс төрд идэвхтэй байр суурьтай гэдэг утгаар нь намын Ерөнхий нарийн бичгийн дарга  нэрлэсэн байх. Намын нөхөд итгэж хариуцлага хүлээлгэж байвал би зүтгэхэд бэлэн байна" гэж хэлжээ. 

Үүнээс дүгнэвэл, МАН-аас Сү.Батболд, АН-аас Ц.Оюунгэрэл нар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх амбицтайгаа илэрхийлж, нам дотроо өрсөлдөнө гэдгээ мэдэгдэд байна.