У.Хүрэлсүх: МАН-ын 100 жилийн ойг бүтэн амжилттай угтаж, Ерөнхийлөгчийн сонгуульд заавал ялна

У.Хүрэлсүх: МАН-ын 100 жилийн ойг бүтэн амжилттай угтаж, Ерөнхийлөгчийн сонгуульд заавал ялна

МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар хэд, хэдэн асуудлыг хэлэлцсэний дотор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн талаар ярилцсан талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, бүлгийн хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож цаг, үеийн зарим асуудлаар гишүүдийн асуултад хариулжээ. 

Бүлгийн гишүүдийн зүгээс "Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор МАН-аас хэнийг нэр дэвшүүлэх талаар болон бэлтгэл, зохион байгуулалттай холбоотой ямар асуудал байгаа" зэргийг асууж, тойрч ярилцсан байна. Энэ үеэр МАН-ын бүлгийн гишүүд У.Хүрэлсүхээс "та нэр дэвших, үгүйг тодорхой мэдмээр байна" гэх асуултыг ч асуужээ. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс МАН-ын 100 жил удахгүй тохионо. Энэ ойг бүтэн амжилттай угтах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн сонгуульд  заавал ялах ёстой. Манай намаас тус сонгуульд нэр дэвших боломжтой 10 орчим хүн бий. Бид хуулийн хугацаанд ажиллана гэсэн байна. 

МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг бус Сү.Батболдыг нэр дэвшүүлэхээр бэлтгэж байгаа гэх мэдээлэл бий. Мөн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өмнө нь хэвлэлд ярилцлага өгөхдөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой таван хүнийг нэрлэсэн.

Тодруулбал,  У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Ц.Нямдорж, С.Батболд, Ө.Энхтүвшин нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой  гэсэн.

Эдгээрээс гадна эмэгтэй кандидат ч бий гэж хэлсэн юм. Тэр нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэлийг гэж буй. Эдгээр нэрсийг ч өчигдөр У.Хүрэлсүх бүлгийнхээ хурал дээр мөн хэлжээ.