БАЙНГЫН ХОРОО: Шүүхийн бие даасан байдалд халдвал ШЕЗ цэцэд хандаж болно

БАЙНГЫН ХОРОО: Шүүхийн бие даасан байдалд халдвал ШЕЗ цэцэд хандаж болно

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.01.05/ хуралдаанаар Шүүхийн тухай багц хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Үүний дараа Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх юм. 

Хуулийн төслийг хэлэлцэх явцад гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Шүүхийн тухай хуулийн төслөөр нийтийн сонсгол явуулах  хүсэлтээ УИХ-ын дарга болон Хууль зүйн байнгын хорооны даргад оны өмнөхөн явуулсан. Учир хэлэлцүүлгийн явцад олон өөрчлөлт орсон. Тиймээс нийтийн сонсгол явуулах хэрэгтэй" гэлээ. 

УИХ-ын гишүүн Б.Мөнхбаатар "Сошиалоор тодорхой хэрэг маргааны талаар иргэд үзэл бодлоо илэрхийлдэг. Нөгөө талдаа энэ асуудлыг зохион байгуулалттай тавьж, араас нь эрүүгийн хэрэг үүсгэж, шүүх хурлын өмнө маш олон зохион байгуулалттай ажил хийдэг гэсэн үг. Тиймээс ийм нөлөөлөлд автахгүй байх заалтыг тусгасан уу" гэлээ. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Шүүхийн ерөнхий зөвлөл өөрөө хуулийн байгууллагад хандаж, шүүгчдээ хамгаалахыг нь үүрэгжүүлж өгч байгаа. Тиймээс үүнийг албан ёсоор үүрэгжүүлж, институцээ хамгаалдаг байх ёстой болно. Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч шүүхийн бие даасан байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй үйл ажиллагаа явуулсан бол ШЕЗ даруй хуралдаж Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргуулах саналыг Дээд шүүхэд хүргүүлнэ гэдэг тодорхой санал оруулж ирж байгаа" гэсэн юм.