МАН-ын бүлэг Цэцийн дүгнэлтийг хүлээж авах шаардлагагүй гэж үзэв

МАН-ын бүлэг Цэцийн дүгнэлтийг хүлээж авах шаардлагагүй гэж үзэв

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар ХНХ-ын сайдын төлөвлөсөн ажлыг сонсож, Цэцийн дүгнэлтийг хэлэлцсэн юм. Энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлт орж МАН-ын бүлэг Цэцийн дүгнэлтийг хүлээж авах шаардлагагүй гэсэн шийдвэр гаргажээ.

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянаж бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Эрүүгийн хуульд 2017 онд өөрчлөлт оруулахдаа давж заалдах шатны шүүхийн шийдвэр гартал хөөн хэлэлцэх хугацаа тоолдог байхаар өөрчилсөн байдаг. Үр дүнд нь авлига, албан тушаалын хэргүүд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаагдсан асуудал өнгөрсөн хугацаанд маргаан дэгдээсэн. Тиймээс УИХ 2020 оны нэгдүгээр сарын 10-нд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн. Ингэхдээ 2017 оны долдугаар сарын 1-ээс хойш мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хаагдсан хэргүүдийг сэргээн шалгах, эдгээр шатанд байгаа хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байх, хууль буцаан хэрэглэхийг хориглосон журмын тухай хууль баталж байв. Өөрөөр хэлбэл, 2017 оны долдугаар сарын 1-нээс хойш хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр хаагдсан хэргүүдийг дахин шалгахаар болсон юм.