Замын-Үүд дээрх бөөгнөрөл ойрын өдрүүдэд хэвийн байдалд шилжинэ гэв

Замын-Үүд дээрх бөөгнөрөл ойрын өдрүүдэд хэвийн байдалд шилжинэ гэв

Замын-Үүдийн хилээр бараа, таваар оруулахад урт дугаарлалт үүсч улмаар гааль, мэргэжлийн хяналтын газрын ажилчдад их хэмжээ хахууль өгч буй мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан. 

Энэ талаар Шадар сайд Я.Содбаатараас асуухад "Замын-Үүдийн боомтоор арваннэгдүгээр сарын 20-ноос арванхоёрдугаар сарын 14-нийг хүртэл өдөрт дунджаар 25 машин явж байсан. Энгийн үед Замын-Үүдээр 220 машин орж гардаг. 10 дахин бага машин явж байгаа. Үүнийг дагаад хоёр талд ачааны бөөгнөрөл үүссэн нь үнэн.

Энэ асуудлаар УОК, яам тамгын газрууд ажиллаж 14 удаагийн онлайн хурал уулзалт хийсэн. Ингэснээр арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс байдал дээрдэж өдөртөө 60 хүртэлх машиныг хүлээж авдаг болсон. Арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс Монгол болон Эрээний талд 14 хоног тусгаарлагдаж, PCR шинжилгээ өгсөн нийт 28 хоног тусгаарлагдсан жолооч нар ээлжинд гарч эхэлсэн. Энэ өдрөөс хойш өдөрт 100-150 машин хилээр гарч байна.

Замын-Үүд дээрх бөөгнөрөл ойрын өдрүүдэд хэвийн байдалд шилжинэ. ЦЕГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг Замын-Үүдэд ажиллаж байна. Иргэдийн хардаад байгаа авлига байгаа бол мөрдөн шалган ажиллагааны үеэр илрэх байх. Тухайн хүмүүст нь хариуцлага тооцох болов уу" гэв.