ТОЙМ: Биелэхгүй 1 сая төгрөгийн амлалттай, өс хонзонгоор дүүрэн Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээ

ТОЙМ: Биелэхгүй 1 сая төгрөгийн амлалттай, өс хонзонгоор дүүрэн Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээ

Энэ долоо хоногт Дэлхий нийтээрээ цаг тооллын шинэ он буюу 2021 оноо угтаж авлаа. Шинэ он солигдох мөчид иргэн бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн үгийг сонсож, угтах оны талаар билэгтэй сайхан үг хэлж баяраа тэмдэглэдэг болоод удаж байна.

Энэ жилийн хувьд иргэд төрийн тэргүүний хэлэх үгэнд нэлээд хүлээлттэй байв. Учир нь өнгөрсөн 2020 оны босгон дээр Ерөнхийлөгч Х.Баттулга “тэтгэврийн зээлийг тэглэх” тухай мэдэгдэж байв. Иймд зарим иргэдийн дунд 2021 оны босгон дээр “цалингийн зээлийг тэглэх үү” гэсэн хүлээлт байсан юм. Гэтэл энэ жил Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үг, бэлэг ерөөл гэхээсээ илүүтэй “өш хонзон”-ийн сэдэлтэй, хууль шүүхийн байгууллага нэг хүний дохиураар хөдөлдөг гэсэн агуулгатай байв. 

-“ЦАГААН ЗАХТНУУДЫН ХЭРЭГ” ГЭЖ С.БАЯР, С.БАЯРЦОГТ, Д.ЭРДЭНЭБАТ, Б.БОЛОР НАРЫН ЯЛ АВСАН АСУУДЛЫГ ХЭЛСЭН ҮҮ-

Тодруулбал, тэрээр мэндчилгээндээ “төрийн өндөр албан тушаалуудыг хашиж байхдаа иргэдийн боломж, улсын өмч, нийтийн хөрөнгийг хулгайлсан цагаан захтнуудын хэргүүдийг анх удаа шалгаж эхлүүлээд байна” гэж мэдэгдэв. Тэрээр энэ үгээрээ шүүхээс ял сонссон С.Баяр, С.Бямбацогт, Д.Эрдэнэбат, М.Энхсайхан, Н.Номтойбаяр, Д.Ганболд, Б.Ариунсан, Б.Болор нарын талаар дурдаж байгаа бололтой. 

Учир нь тэднийг сүүлийн жилүүдэд “адгийн шаар” болтол нь нийгмийн сэтгэл зүйд хангалттай буруутгаж, ойлгуулсан. 

Гэтэл эдгээр эрхмүүдийн ихэнх нь төрд зүтгэж байхдаа зурсан гарын үсгээсээ болж буруудаж, хэлмэгдсэн гэдэг. Тухайлбал, Сангийн сайд асан Б.Болор “Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр зам, терминал”-ын санхүүжилтэд  112 сая ам.долларын санхүүжилтэд Засгийн газрын тогтоол, Аж үйлдвэрийн сайдын албан бичгийн дагуу вексель (төлбөр тооцооны үнэт цаас) бичиж өгсөн гэж шүүхээс 3,6 жилийн ял сонссон байгаа юм. Шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзэхдээ “тус төмөр замын санхүүжилтээс хувьдаа мөнгө завшсан үйлдэл байхгүй ч, Засгийн газрын тогтоол болон Аж үйлдвэрийн сайдын шийдвэрийг дагасан” гэж буруутгасан байдаг. Үндсэндээ түүнийг яллахын тулд шүүх ялласан гэж ойлгож болно. 

Энэ мэтээр Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээндээ дурдаад байгаа “цагаан захтнуудын хэрэг” гэдэг дотор “Шүүх” хэнээс ч хараат бусаар ажиллаж эдгээр хүмүүсийг ялласан уу гэсэн олон асуулт гарч ирдэг. Мөн энэ бүх хүмүүсийг яллахад Ерөнхийлөгч Х.Баттулгын оролцоо их байсан, байгаагүй гэх хардлага ч нийгэмд үүсээд байгаа юм.

-ХУУЛЬ, ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГА ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГААС ХАРААТ АЖИЛЛАЖ БАЙГАА ЮУ-

Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ жилийн мэндчилгээндээ мөн нэгэн ноцтой зүйлийг дурдсан. Учир нь тэрээр “Хууль хяналтын байгууллагын албан хаагчид төрийн нэрийн өмнөөс нийтийн эрх ашгийг хамгаалж, ард түмний өмнө хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж байна” гэсэн юм. Гэтэл хууль шүүхийн байгууллага хэнээс хараат бус, хуулийн дагуу ажиллах ёстой. Иймд Ерөнхийлөгч Х.Баттулгын энэхүү мэдэгдлээс үзвэл, тэрээр хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд оролцдог юм биш гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Сонирхуулахад, нэгэн нийтлэлд “Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөн гудайх тэр толгой, маргааш нь шүүхээс хүн хилсээр шийтгэхийг шаардан сөөнгөтөх нь гачлантай. Монголын эмгэнэл дуусах болоогүй аж” гэсэн байдаг. Тус нийтлэлд шүүхийн байгууллагыг Ерөнхийлөгч Х.Баттулгын хараат болсон гэж буруутгасан байдаг.

-“СОНГУУЛИЙН АМЛАЛТАА БИЕЛҮҮЛСЭН” ГЭЖ МЭНДЧИЛГЭЭНДЭЭ ОРУУЛАВ УУ-

2017 оны сонгуулийн дараа Х.Баттулга Ерөнхийлөгч болмогцоо “Оффшор бүсэд нуусан хөрөнгөө яаралтай оруулж ирэх, эс бөгөөс хуулийн хатуу хариуцлага тооцно” хэмээн сануулсан байдаг. Энэ бол түүний сонгуулийн амлалтуудын нэг нь. Харин тэрээр энэ жилийн шинэ оны мэндчилгээндээ “олигархуудын оффшор бүсэд нууцалсан асар их хэмжээний хууль бус хөрөнгийг нь илрүүлж, буух эзэнтэй, буцах мөртэй эзэн холбогдогчдыг нь тогтоосоор байна” гэж дурдав.

Учир нь 2021 онд Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгууль болно. Иймд тэрээр тус сонгуульд дахин өрсөлдөнө гэж төлөвлөж “ сонгуулийн амлалтаа биелүүлсэн” гэж сануулж буй бололтой. 

Харин тэрээр “өрх бүрд нэг сая төгрөгийн эрхийн бичгийг олгох санаачилгыг дэвшүүлж байна” гэж мэдэгдсэн. Анх түүний энэхүү амлалт 200 мянган төгрөгийг бэлнээр, үлдсэн 800 мянган төгрөг нь эрхийн бичгээс бүрдэнэ гэж байсан бол энэ удаа бүгд эрхийг бичиг болж хувирчээ. Харин түүний энэ саналыг Засгийн газар “дэмжихгүй” гэдгээ илэрхийлээд буй. Иймд түүний энэ амлалт дэмжигдэхгүй гэсэн үг юм.

Ерөнхийлөгч Х.Баттулгын ард иргэддээ хандаж хэлсэн “Шинэ оны мэндчилгээ” танд таалагдсан уу?

Нийт: 35 саналтай