Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт гурван цэг, Баянзүрх дүүрэг орчимд хоёр цэгийн нийт таван авто замыг нэг чигийн урсгалтай болгох ажлыг өнөөдрөөс буюу долдугаар сарын 25-наас эхлүүллээ.
Тухайлбал, Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо буюу Ард кино театр, 23-р сургууль, Мөнгөн завъяа орчмын орон сууцны хороолол дундуур өнгөрдөг зарим замуудыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгож байна. Өнөөдөр нэг чиглэлд оруулж байгаа зам дээрээс Тээврийн цагаагийн албаныхан мэдээлэл өглөө.
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлстийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал хэлэхдээ:
-“Энэхүү замаас гадна өөр дөрвөн зам нэг чигийн хөдөлгөөнд орж байгаа. Эл таван чиглэл дээр замын хөдөлгөөний ачаалал ихтэй бөгөөд бүгд орон сууцны хорооллын дундах зам. Гэтэл хоёр талаасаа тулдаг тул жолооч нар хоорондоо маргалдах улмаар дуут дохиогоо хангинуулах асуудал үүсдэг. Үүнээс улбаалан дуут дохио дугаргаж хүүхэд сэрээлээ, шөнө орой унтуулахгүй байна гэдэг гомдол иргэдээс маш их ирдэг. Иймд хорооллын дундах замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулж иргэдийн гомдол маргааныг шийдвэрлэж байгаа юм. Наймдугаар сарын 10-ныг хүртэл хөдөлгөөний эрчим ачаалал байгатай үед иргэдэд мэдээлэл хүргэх ажлыг түлхүү гүйцэтгэж ажиллана. Арга хэмжээ авч торгохгүй. Иргэдэд мэдээлэл өгч ажиллана” гэв.
Мөн Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороо буюу Голомт банк, Компьютер ланд төв орчмын замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулсан. Харин Баянзүрх дүүргийн зургадугаар хороо буюу Баянзүрх захын баруун болон урд гудамж, Баянзүрх дүүрэг дөрөвр хороо буюу Жуковаас Гялс төв хүртэлх замыг тус тус нэг чигийн хөдөлгөөний зохицуулалтад орууллаа.