“Дэлхийд ганцхан” монгол наадам үндэсний их сурын харваагаар эхэлж долоон өдөр үргэлжилсээр дууслаа. Жилээс жилд наадмын төсөв данхайж, сэдэв нь ядуурсаар байгаа наадмын нээлтийг шүүмжлэх, чамлах хүн олон байдаг. Энэ жил ч тэр уламжлал давтагдлаа. Учир нь Монголчууд наадмын гурван өдөр цэнгэн баярлахын тулд гурван тэрбумыг зарцуулаад өнгөрсөн байна. Энэ мөнгө улсын төсвөөс гарна. Угтаа татвар төлөгчдийн халааснаас гэсэн үг. Тиймээс ч шүүмжлэл хүртэх ёстой. Хамгийн гол нь жилээс жилд наадмын төсөв данхайтал нэмэгдээд байгаа атлаа түүндээ хүрсэн эмх цэгц, зохион байгуулалт, тоглолт үзвэр, шинэлэг үйлчилгээ бий болгосон зүйл бага.
Тоон мэдээллээр, үндэсний их баяр наадмын төсөв 2010 онд 640 сая төгрөгт багтаж байжээ. 2011 онд 1.3 тэрбум болж хоёр дахин өссөн байна. 2012 онд 870 сая төгрөгөөр, 2013 онд 1.5 тэрбумаар наадсан бол 2014 онд 2.2 тэрбум болж өсчээ. Ийнхүү наадмын төсөв хоёр тэрбумын босго давснаас хойш 2016 онд 2.9 тэрбум төгрөг, 2017 онд 2 тэрбум 170 сая төгрөг болжээ. Энэ жил 2.9 тэрбум.
-ҮЗЭГЧДИЙГ ЗАЛХААСАН НАЙРУУЛАГЧ-
Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулагчийн сонгон шалгаруулалтад Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл шалгарч, наадмын Ерөнхий найруулагчаар ажилласан. “Хэзээ, хэн, хэрхэн, яаж сонгон шалгаруулчихав” гэдэг асуудал олны анхаарлыг татаж байгаа юм. Тэгвэл 2019 нэгдүгээр сард Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслол, баярын хүндэтгэлийн тоглолт, үдшийн цэнгүүн зохион байгуулах найруулагчийн сонгон шалгаруулалт зарлагджээ. Улмаар 2019 тавдугаар сард Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж Ерөнхий найруулагчаар Г.Цоггэрэлийг шалгаруулсан байдаг.
Энэ жилийн наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааны төсөвт улсаас 600 сая төгрөг гаргаж өгсөн. Гэхдээ энэ төсөв үнэхээр хүрэлцээгүй тухай Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааны Ерөнхий найруулагч Г.Цоггэрэл хэлсэн байв. Гэтэл төсвөөс багагүй хөрөнгө зарцуулдаг наадмын нээлт яг үнэндээ уйтгартай, хайрцаглагдсан хэвээр байгааг Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл найруулсан өнөө жилийн наадмын нээлтээс харж болно. Нөгөө л нэг үхэр тэрэг, морь мал, эртний баатарын дүрүүд. Ийм нээлтүүдийг үзсээр байгаад монгол наадамчид, гадаад жуулчид залхаж, уйдсан нь үнэн. Нээлт, хаалтын тоглолт наадамчин олныг залхаасан байдалтай байсныг олон хүн шүүмжлэн хэлж байв. Харин Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл “Наадмын нээлт, хаалтын ёслолын өнгө будгийн зорилго нь бид дэлхийн хөгжилтэй хөлтэй нийлэхийг зорьж байна. Олимп, хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулдаг жишиг рүү дөхөж, шинэ технологи нэвтрүүлэх юм” гэж байлаа.
-ЭРЛИЙЗ МОРЬ “МӨН, БИШ”-ИЙН МАРГААН ТАСРААГҮЙ-
Төв цэнгэлдэх хийгээд Хүй долоон худагийг зорьж очоод эмх замбараагүй байдал, тоос шороо хоёрт дарагдаж бухимддаг. Морьдынхоо эрлийз мөн бишийг таньж ядсан, шударга бус болсон гэх хэрүүл маргааны бай өнөөдрийг хүртэл тасраагүй үргэлжилж байна. Эцэст нь бүртгэж уралдуулсан ноёд хийгээд уяачид нь баяждаг. Харин бүлтгэр үрс нь ганц хужаа цүнхтэй үлддэг гашуун үнэн энэ жил ч давтагдав.
-ТӨВ ЦЭНГЭЛДЭХИЙН ГАДНА ТАЛБАЙГ ХАР ЗАХ БОЛГОХ ҮЗЭГДЭЛ-
Мөн төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбай ч наадамчид гишгэх газаргүй хар зах шиг байсныг дурдах хэрэгтэй. Наадмын уур амьсгалыг мэдрэх гэж цэнгэлдэх тойрч алхсан хүмүүст Нарантуул захыг санагдуулдаг байдал энэ жил бахь байдгаараа. Наадамчид баярлах гэж Төв цэнгэлдэх хүрээлэнд очдог болохоос оймс, гутал, жимс авахаар очдоггүй гэдгийг төр засгийнхан жилийн жилд анзаардаггүй. Амрах сандал, сүүдрэвч хоёрыг огтоос анхаардаггүй, анхаарахыг ч хүсдэггүй билээ.