АН-ын даргаар О.Амартүвшин, ЕНБД-аар П.Нүрзэд болно

АН-ын даргаар О.Амартүвшин, ЕНБД-аар П.Нүрзэд болно

2016 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам /АН/ ялагдал хүлээж, тухайн үеийн намын дарга З.Энхболд дүрмийн дагуу ажлаа өгсөн. Улмаар тус намын нийт гишүүдийн дунд сонгууль явагдаж, АН-ын даргаар С.Эрдэнэ сонгогдсон билээ. 

-2017 ОНД ФРАКЦААС ТАТГАЛЗСАН АРДЧИЛСАН НАМ БУЦААД ФРАКЦЫН ТОГТОЛЦОО РУУ ШИЛЖИЖ БАЙНА-

Харин 2016 оны сонгуулийн ялагдлын нэг шалтгаан тус нам дахь фракц, лидерүүдийн эв нэгдэлгүй байдал нөлөөлсөн гэж тус намын гишүүдийн олонх нь үзсэн юм. Иймд АН-ын даргаар С.Эрдэнэ сонгогдож, тус намын дүрэмд өөрчлөлт оруулсан. Ингэхдээ АН-ын ҮБХ-ны гишүүн, нийслэл, дүүрэг, аймгийн намын дарга нарыг нийт гишүүдийн саналаар сонгодог болсон. Мөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг ч нийт гишүүдийнхээ дунд сонгуульд явуулж Х.Баттулгыг тодруулж байсан билээ.  Ингэснээр тус намд фракцын тогтолцоо байхгүй болж, харин эсрэгээрээ намын даргын эрх мэдэл давамгайлж, бүтэц нь босоо тогтолцоонд шилжиж, улмаар намын даргынхаа бодлогыг эсэргүүцэгч хэн дуртай нийгэмд АН болон тус намын даргыг муулах болсон нь 2020 оны сонгуулийн ялагдлын нэг шалтгаан болсон юм. Товчхондоо хэн ч захирагддаггүй, шүүмжлэгчид олширсон гэж болно. Иймд АН-ын фракцууд эрүүл өрсөлдөж байсан бол энэ мэт үйлдийг хязгаарлах байсан гэж тэд үзэж байгаа ажээ. 

-АН-ЫН ДАРААГИЙН ДАРГЫГ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ТОДОРХОЙЛЖ БАЙГАА ЮУ-

Иймд энэ сарын 16-ны өдөр болох АН-ын их хурлаар тус нам дүрмээ өөрчлөх ажээ. Ингэхдээ 2017 оны дүрэм (намын даргаа нийт гишүүдээсээ сонгодог дүрэм)-ийн өөрчлөлтөөсөө татгалзаж, 2017 оноос өмнөх дүрэм рүүгээ шилжиж байгаа аж. 

Тодруулбал, аймаг, дүүргийн намын дарга, Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүдээ тухайн намын хорооны гишүүд нь сонгох бол, ҮБХ нь АН-ын даргад нэр дэвшигчдийг тодруулж, тус хорооны гишүүдээс хамгийн их санал авсан хоёр хүний нэрийг АН-ын их хуралд оруулж, сонгодог болж байгаа ажээ. 

Харин Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим /МХАҮТ/-ын ерөнхийлөгч О.Амартүвшиныг АН-ын дарга болгоно гэх мэдээлэл байна. Харин тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/-аар П.Нүрзэд томилогдох ажээ. Учир нь тэднийг Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх албан тушаалуудад дэмжиж байгаа аж. 

-Х.БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА АН-Д ХАНГАЖ БАЙНА УУ-

Учир нь О.Амартүвшинг МХАҮТ-ийн ерөнхийлөгч болоход Х.Баттулгын оролцоо өндөр байсан гэдэг. Мөн сүүлийн үед Ерөнхийлөгчийн Тамгын газар /ЕТГ/, МХАҮТ-ын хоёрын хамтын эрчимжиж байгаа нь ч үүнийг илтгэж болно. Тухайлбал, өвөлжилт хүндэрч болзошгүй зургаан аймгийн малчдын малыг төр худалдан авч, хээр нядалж буй ажлыг ЕТГ, МХАҮТ хоёр хамтарч “Малчдад ээлтэй төр” хэмээх нэрийг дор хийж байгаа юм.  Харин П.Нүрзэдийн хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшсэн. Харин үүний дараа АН-ын Хэрэг эрхлэх газар /ХЭГ/-ын даргаар томилогдсон билээ. Иймд АН дахь энэ бүх томилгоог тус намын гишүүд, дэмжигчид 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга АН-аас нэр дэвших, бэлтгэл ажлаа хангаж байна гэж харж байгаа юм.