Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нь хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг өөрийн ажиллаж байсан “Монголросцветмет” ТӨҮГ-аас төлүүлж байсан баримт ил болж олны шүүмжлэлд өртөөд буй. Тэрбээр 2019 онд тус байгууллагад ажиллаж байхдаа хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлсэн байдаг.
Энэ талаар Г.Ёндон сайд тайлбар хийхдээ "Монголросцветмет төрийн өмчийн байгууллага нь улсын төсөвтэй хамаагүй, ашгийн төлөө байгууллага. Уг компанид 10 гаруй жилийн өмнөөс хэрэгжиж байгаа журам байдаг. Энэ журамд компанийн гүйцэтгэх удирдлагыг урамшуулах, сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэх гэсэн заалт бий" гэсэн юм.
Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлтэй уулзаж сургалтын төлбөрийг Г.Ёндон сайдаар буцаан төлүүлэх чиглэл өгчээ.
Харин хариуцлагын хүрээнд Г.Ёндон сайд нь Засгийн газарт ажиллахаасаа өмнө уг үйлдлийг хийсэн учраас хариуцлага тооцох шаардлагагүй гэж үзэж буй бололтой. Цаашид сайд нар болон төрийн компанийн захирлууд хувийн шинж чанартай ажилд төрийн мөнгийг зарцуулахгүй байх чиглэлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг өгч, сануулжээ.