УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав нь нэр төрөө сэргээлгэхээр Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүхээр шалгуулахаар өгсөн байдаг. Гэвч шүүхээс уг асуудлыг НУУЦЫН зэрэглэлд оруулж, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хувийн мэдээлэлд шалгалт хийх, хэргийн үйл явцын талаар олон нийтэд мэдээллэхийг хориглох зэрэг шаардлагыг тавьж байгаа юм.
Улс төрч, бизнесмэнийн нэр хүндийг нууцын зэрэглэлд оруулж шүүх нь хуулинд хэр нийцэх болон сэтгүүлч Н.Өнөрцэцэгт тулгамдаж буй асуудлаар бид түүнтэй ярилцлаа.
-Ц.ГАРАМЖАВЫН НЭР ТӨР ЯАГААД НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛД
ОРСНЫГ БИ ОЙЛГОХГҮЙ БАЙНА-
-УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав, та хоёрын маргаан жилийн өмнөөс эхлэлтэй. Энэ хугацаанд Ц.Гарамжав нь таныг цагдаа болон шүүхэд өгч шалгууллаа. Харин шүүхээс уг хэргийг нууцын зэрэглэлтэй хэмээн шалгаж эхэлсэн гэсэн. Нэр төр сэргээх нэхэмжлэлийг нууцын зэрэглэлд оруулж хэлэлцэх нь хуулинд хэр нийцэх вэ. Энэ талаар та судалж үзсэн үү?
-Ц.Гарамжавын өргөдлөөр ЦЕГ болон Иргэний шүүх дээр 15 сар явж байна. ЦЕГ-т хагас жил шахуу шалгуулж Ц.Гарамжавын гомдол хэрэгсэхгүй болж хаагдсан юм. Учир нь сэтгүүлч түүнийг гүтгэсэн гэдэг нь тогтоогдоогүй гэсэн үг. Унасан улс төрч ууртай байдаг аж. Тэрбээр Хан-Уул дүүргийн иргэний шүүхэд тэрбээр дахин энэ асуудлаараа гомдол гаргасан, шүүх хурал нь болоогүй байгаа. ХУД-ийн шүүхэд фэйсбүүк, твиттер, вэб сайтдаа үзлэг хийлгэхээр очиход надаар нууцын баталгаанд гарын үсэг зуруулаад Ц.Гарамжавын хэрэг нууцын зэрэглэлтэй гэж шүүгчийн туслах хэлсэн. Би ойлгохгүй байгаа, Ц.Гарамжавын нэр төрийн асуудал яагаад нууцын зэрэглэлд багтсан тухай.
-Таны зүгээс Ц.Гарамжавтай холбоотой баримтыг гаргаж тавьж байгаа. Харин шүүхээс уг хэрэгт холбогдуулан яг юуг нууцлах шаардлагатай гэж үзэж байгаа юм бэ. Таны баримтыг юм уу эсвэл нэхэмжлэгч талаас гаргасан гомдлыг уу?
-Энэ талаар шүүгчээсээ асуухад би хуулийн зөвөлгөө өгдөг хүн биш ээ гэж хариулсан.
Миний бодлоор Ц.Гарамжавыг нууцын зэрэглэлтэй хэрэгт холбогдуулан шалгаж байж болзошгүй юм болов уу гэж бодсон.
-Таныг хавтаст материалын яг энэ хэсгийг ил гаргаж эсвэл мэдээлж болохгүй гэдгийг шүүх сануулсан уу. Ер нь шүүхийн энэ үйлдэл хэр хуулинд нийцэх вэ?
-Ц.Гарамжавтай холбоотой хэрэг нууцын зэрэглэлтэй, нууц гэх тамгатай гэж танилцуулсан. Нууц хадгалах баталгаанд гарын үсэг зуруулсан. Миний бодлоор тухайн нууцын зэрэглэлтэй гэх албан тоотуудыг олон нийтэд дэлгэж болохгүй гэж ойлгосон. Миний бодлоор сэтгүүлч Н.Өнөрцэцэг, Ц.Гарамжавын алдар нэр хүндэд халдаж уу үгүй юу гэдгийг шүүх тогтоох ёстой. Гэтэл энэ хэрэгтэй холбоотой гаргасан шийдвэрээ хүртэл нууц гэж үзээд байгаа нь үнэхээр эгдүүцэм.
-Улс төрч эмэгтэй өөрийн хууль бус үйлдлийг /баримтаар баталгаажсан/ асуудлыг нууцын зэрэглэлд оруулж буйг шударга бус, ёс зүйгүй үйлдэл гэж дүгнэж болохоор байгаа юм. Ер нь ийм тохиолдол шүүхийн практикт өмнө нь гарч байсан уу. Энэ талаар та судалж үзэв үү?
-Улс төрчдийн булхай луйврыг илчлээд үнэхээр их төвөгтэй бартаатай замыг туулж явна. Яалт ч үгүй цагаан цаасан дээр, мөрөө үлдээгээд явсан гэмт хэрэг гэж би боддог.
-МИНИЙ ХУВИЙН ХАЯГУУДАД ҮЗЛЭГ ХИЙХДЭЭ МИНИЙ
ОРОЛЦООГ ХАНГААГҮЙ-
-Шүүхээс таны сошиал хаягуудад хяналт, шалгалт хийсэн гэсэн. Ингэхдээ шалгах шийдвэр гаргаснаа ч таньд мэдэгдээгүй гэсэн. Тэд таны сошиал хаягуудад шалгалт хийж буй нь ямар зорилготой юм бэ. Юуг олж мэдэх зорилготойгоо таньд хэлсэн үү?
-2020 оны аравдугаар сарын 26-нд надруу Хан-Уул дүүргийн шүүхээс залгаж "Маргааш 11:30 минутад шүүх дээр ир, таны фэйсбүүк, твиттер, вэб сайт, Зариг.мн цахим хуудаст үзлэг хийнэ" гэж хэлсэн. Энэ дагуу бүтэн зургаан цаг шахуу тус шүүх дээр ажиллагаанд өртсөн. Уг нь бол шүүхээс надад мэдэгдэгдээд таны хувийн хаягуудад үзлэг хийнэ гэж Ц.Гарамжавын талаас хүсэлт гаргалаа гээд танилцуулж миний оролцоог хангах ёстой биздээ.
Хуулийнхан хүмүүсийн орон байранд хүртэл нэгжлэг хийхдээ гэрийн эзэнд хэлж ордог биздээ. Эсвэл түлхүүр тааруулаад, эсвэл хаалгыг нь эвдээд ордог юм уу.
Миний хувийн хаягуудыг үзэх гэж байгаа бол миний оролцоог хангах ёстой гэж би ойлгоод байгаа. Харамсалтай нь надад хэлээгүй шүүх шийдсэн, гаргасан шийдвэрээ нууц гэсэн нь үнэхээр “сонин”.
-Шүүхийн зүгээс Ц.Гарамжавын хүсэлтээр таниас өөр юуг шаардсан бэ?
-Ажил хэргийн нэр төр сэргээлгэж, тараасан хэлбэрээр уучлалт гуйх.
-Ц.Гарамжавын тал яг энэ асуудалд хэрхэн, яаж ажиллаж байгаа вэ?
-Нэр төрөө сэргээлгэхээр Ц.Гарамжав гомдол гаргасан. Анхны шүүх хурал 2020 оны наймдугаар сарын 14-нд товдогдсон. Гэвч Ц.Гарамжавын өмгөөлөгч хэргийнхээ материалтай танилцаж амжаагүй тул шүүх хурлыг хойшлуулж өгөөчээ хэмээн хүсэлт гаргасан. Шүүх тэдний хүсэлтийг хангаж шийдвэрлэж, шүүх хурал хойшлов. Дараагийн шүүх хурал есдүгээр сард зарлагдсан гэвч мөн л Ц.Гарамжав өмгөөлөгчөө солино гэх шалтгаанаар хойшилсон.
Ц.Гарамжав өөрөө гомдол гаргачихаад өөрөө хоёр ч удаа ийнхүү хойшлуулаад байна.
Тэгэхээр Ц.Гарамжавын зорилго нэр төрөө сэргээлгэх биш, сэтгүүлчийн амыг хааж, зоригийг шүүхээр мохоох зорилготой гэж харагдаж байна гэж хардахад хүргэлээ.
-Ц.ГАРАМЖАВ НАДТАЙ ТОХИРОЛЦОХЫГ ОРОЛДСОН
БАЙЖ БОЛЗОШГҮЙ-
-Ц.Гарамжав нь хууль, шүүхийн байгууллагад өгч шалгуулахаас өөрөөр таныг дарамталсан болон ажил хийх үйл явцад тань нөлөөлсөн тохиолдол бий юу?
-Тохиролцохыг оролдсон байж болзошгүй.
- Зөрүүлээд Ц.Гарамжавыг та шүүхэд өгөх үү?
-Өгөхгүй, Монголын хуулийн байгууллага намайг өргөдөл өгсөн өгөөгүй шалгана гэж найдаж байгаа.
-Ц.Гарамжав нь Монгол банкинд төлөх ёстой 10 гаруй тэрбум төгрөгийг төлж эхэлсэн үү. Энэ талаар таньд мэдээлэл байна уу?
-Хэрэг маргаан шүүхээр эцэслэгдэн шийдэгдтэл энэ талаар ярихгүй байх шүүхийн шийдвэрийг Ц.Гарамжав гаргуулсан.
-Өчигдөр та өмгөөлөл хүсч Хууль зүйн үндэсний хүрээлэнд хандлаа. Хэрвээ та өмгөөлөгчтэй ажиллаж эхэлбэл эхэлж юуг тодруулах, яаж ажиллах төлөвлөгөөтэй байна. Магадгүй хэргийг нууцын зэрэглэлээс гаргахаар ажиллах уу?
-Шүүх шийдвэрээ гаргаснаа надад хэлээгүй, давж заалдах хугацаа өнгөрөөж байгаад надад мэдэгдсэн. Нэг тийм зохиол яваад байна гэж би хардаж байна.
Өнөөдрийн байдлаар надад хуульзүйн үнэгүй үйлчилгээ үзүүлье гэж хандсан өмгөөлөгчдийн тоо 30 хол даваад байгаа. Нэг өдрийн дотор ийм олон өмгөөлөгч нар хандана гэж үнэхээр зүүдлээгүй. Энэ хорвоод сайн хүмүүс нь муугаасаа хавьгүй олон аж. Тэдэнтэй зөвлөлдөөд хэрхэхээ шийднээ.
-Ц.Гарамжавтай хувийн таагүй харилцаа бий юу?
-Сэтгүүлч хүн хувийнхаа хандлагыг ажилдаа гаргах нь зохимжгүй. Энэ бол цэвэр сэтгүүлчийн ажил. Бидний хувийн харилцаа хонзогнол биш. Монголд мөнгөтэй хүмүүс хуулиас, шүүхээс айхгүй байгаа нь энэ үйлдлээр тодрон харагдаж байна.
-Шүүхээс шийдвэр гаргахдаа Ц.Гарамжавын талд гаргаж магадгүй гэх хардлага таньд байна уу?
-Одоо өрнөж буй үйл явц надад итгэл төрүүлэхгүй байна. Гэхдээ би монголынхоо шударга шүүхдээ итгэж, залбирч байна. Холбогдох төрийн байгууллагуудаас нотлох баримтууд хангалттай ирсэн учир, баримтууд цугласан. Тиймээс шүүх бүрэлдэхүүн нотлох баримтад үндэслэн, талуудын мэтгэлцээнээс үнэн зөв шийдвэр гаргана гэдэг горьдлого маань тасраагүй ээ. Шүүх хурал одоогоор товлогдоогүй байна.