О.Сумъяасүрэнг Өвөрхангайн Засаг даргаас гологдоход Д.Тогтохсүрэн нөлөөлж байна уу

О.Сумъяасүрэнг Өвөрхангайн Засаг даргаас гологдоход Д.Тогтохсүрэн нөлөөлж байна уу

-ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ О.СУМЪЯАСҮРЭНГ
БАТЛАМЖЛАХГҮЙ ГЭСЭН ҮҮ-

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг сонгох сонгууль болж өндөрлөөд 14 хонож байна. Сонгуулийн үр дүн гарснаас хойш зарим аймагт иргэдийн хурал нь хуралдаж чадахгүй улмаар Засаг даргаа томилох боломжгүй нөхцөл байдал бий болжээ.

Тухайлбал, Говь-Алтай аймагт Ардчилсан нам ялалт байгуулсан ч өмнөх ИТХ-ын дарга нь тамгаа хүлээлгэж өгөхгүйгээс болж тэнд төрийн ажил гацаад буй.

Тэгвэл үүнтэй төстэй асуудал Өвөрхангай аймагт мөн үүссэн байна. Тус аймагт МАН үнэмлэхүй ялалт байгуулж, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /АИТХ/-д 30 гаруй суудал авсан.

Улмаар Өвөрхангай аймгийн МАН-ын хороо болон АИТХ дахь МАН-ын бүлгээс тус аймгийн засаг даргад А.Ишдоржийг /2020.10.26/ нэр дэвшүүлсэн байна. Гэтэл заалнаас ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын гишүүн О.Сумьяасүрэн засаг даргад нэрээ дэвшүүлжээ. Улмаар нийт ИТХ-ын 41 гишүүний 21 нь О.Сумьяасүрэнг дэмжиж, 20 нь А.Ишдоржид санал өгчээ. Түүнд АН-аас АИТХ-д сонгогдсон зургаан төлөөлөгч санал өгснөөр түүнийг ялалт байгуулахад хүргэсэн байна.

Ингэснээр О.Сумьяасүрэнг Өвөрхангай аймгийн Засаг даргад нэрийг нь санал болгож томилуулахаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өргөн мэдүүлэхээр болжээ. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх О.Сумъяасүрэнг дэмжихгүй, нэрийг нь батламжлахгүй байхаар шийдвэрлэсэн гэх мэдээлэл байна.

-УИХ-ЫН ГИШҮҮН  Д.ТОГТОХСҮРЭН, Г.ГАНБОЛД НАРЫН
ДАЛД ЗӨРЧИЛ ӨРНӨЖ БАЙНА-

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тус шийдвэрийг гаргахад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нөлөөлж буй бололтой. Д.Тогтохсүрэн нь тус аймагт олон жил Засаг дарга хийж улмаар нөлөөллөө хүчтэй бэхжүүлж, сүлжээгээ сайн үүсгэсэн. Засаг даргад өрсөлдөөд ялагдал хүлээсэн А.Ишдоржийн хувьд Д.Тогтохсүрэнгийн хүн байх магадлалтай гэнэ. Харин О.Сумъяасүрэн нь УИХ-ын гишүүн Г.Ганболдын хүн аж. Өөрөөр хэлбэл, тэд үй зайгүй найзууд гэнэ. Тэгэхээр эдгээр хүмүүсээр дамжуулж Өвөрхангайд эрх мэдлээ бэхжүүлэх Д.Тогтохсүрэн, Г.Ганболд нарын сэм тулаан ч энд өрнөж байна гэж дүгнэж болохоор байгаа юм. 

-О.СУМЪЯАСҮРЭН НЬ НАМЫН ХОРООНЫ ГИШҮҮН БҮРТ
НЭГ САЯ ТӨГРӨГ ТАРААСАН УУ-

Нэгэнтээ олонхийн санал аваад ялаад гараад ирсэн бол Ерөнхий сайд дэмжих ёстой. Гэхдээ түүнийг батламжлахгүй байх ёс зүйн болон бас бус өөр шалтгаанууд байгаа гэх мэдээлэл байна. Тодруулбал, О.Сумъяасүрэн нь хэдхэн хоногийн өмнө намын хорооны гишүүн бүрт нэг сая төгрөг тараасан нь намын хорооны хурлаар яригдаж улмаар мөнгөө буцааж авсан гэж буй. О.Сумъяасүрэнгийн хувьд алтны уурхайтай, Баянтээгийн уурхайд олборлолт хийж байсан нэгэн аж.