Ж.Сандагсүрэн, Н.Баярчимэг нарыг Хотын даргын орлогчоор томилохыг МАН-ын бүлэг дэмжлээ

Ж.Сандагсүрэн, Н.Баярчимэг нарыг Хотын даргын орлогчоор томилохыг МАН-ын бүлэг дэмжлээ

Засгийн газрын 2019 оны “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” 100 дугаар тогтоолын дагуу нийслэлийн төрийн захиргааны удирдлагын бүтцийг тогтоож хоёр орлогч, дөрвөн төслийн удирдагчтай байхаар тогтоосон байдаг.

Энэ дагуу Хотын шинэ дарга Д.Сумъяабазарын хоёр орлогчоор Ж.Сандагсүрэн, Н.Баярчимэг нарыг томилохыг нийслэлийн МАН-ын хорооны хурлаар дэмжжээ.Нэр дэвшигчдийг өнөөдөр 16:00 цагаас болох НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж эцсийн томилгоог хийх юм байна. 

Ж.САНДАГСҮРЭН НЬ 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 73 дугаар сургууль, МУИС-ийн ХҮДС-ийг Эдийн засагч, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжлээр тус тус төгсжээ.

АЖЛЫН ТУРШЛАГА:

  • 2001-2004 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Ажлын албаны дарга
  • 2005-2013 онд “Очир-Ундраа групп”-ийн газрын захирал
  • 2013-2016 онд УИХ-ын Тамгын газарт гишүүний туслах
  • 2016-2020 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байв.

Н.БАЯРЧИМЭГ НЬ  1980 онд Дорноговь аймагт төрсөн. Нийслэлийн Хүмүүн цогцолбор сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр дүүргэжээ. Пэсифик Стэйтс их сургуулийг Олон улсын бизнесийн удирдлага болон МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй байна.

АЖЛЫН ТУРШЛАГА:

  • 2002-2003 онд “Розенблат Ассосэйтс” Канадын цагаачлалын хуулийн фирмийн Монгол дахь төлөөлөгчийн газарт Эрх зүйн зохицуулалт хариуцсан захирал
  • 2003-2006 онд “Мобиком корпораци”-ийн Зуунмод дахь салбарт мэргэжилтэн, салбарын захирал
  • 2011 онд “Моннис интернэйшнл” ХХК-д хуулийн мэргэжилтэн
  • 2011-2016 онд “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-д хуульч, ахлах хуульч, хэлтсийн дарга
  • 2016-2017 онд Үндэсний хөгжлийн газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга
  • 2017 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, хуулийн хэлтсийн дарга
  • 2018-2019 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-д дэд захирал
  • 2019-2020 онд “Эрдэнэс тавантолгой майнинг” ХХК-д дэд захирал
  • 2020 онд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т Засаг даргын орлогчоор ажиллаж байжээ.
  • Хотын даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан НИТХ-ын дарга болсон бол Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч
  • Ш.Анхмаа Эрүүл мэндийн дэд сайдаар томилогдсон юм