Аймаг, орон нутгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийг сонгох сонгууль саяхан болж өндөрлөсөн. Тус сонгуулиар Өвөрхангай аймагт МАН үнэмлэхүй ялалт байгуулж, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /АИТХ/-д 30 гаруй суудал авчээ.
Улмаар Өвөрхангай аймгийн МАН-ын хороо болон АИТХ дахь МАН-ын бүлгээс тус аймгийн засаг даргад А.Ишдоржийг өчигдөр /2020.10.26/ нэр дэвшүүлсэн байна. Гэтэл заалнаас ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын гишүүн О.Сумьяасүрэн засаг даргад нэрээ дэвшүүлжээ. Улмаар нийт ИТХ-ын 41 гишүүний 21 нь О.Сумьяасүрэнг дэмжиж, 20 нь А.Ишдоржид санал өгчээ.
Түүнд АН-аас АИТХ-д сонгогдсон зургаан төлөөлөгч санал өгснөөр түүнийг ялалт байгуулахад үргэсэн байна.
Ингэснээр О.Сумьяасүрэнг Өвөрхангай аймгийн Засаг даргад нэрийг нь дэвшүүлж, томилуулахаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өргөн мэдүүлэхээр болжээ. Сонирхуулахад, Улаанбаатар хотын дарга С.Батболдыг огцруулж, түүний оронд С.Амарсайханыг сонгох НИТХ-ын үеэр заалнаар нэр дэвшин, Засаг даргад олонхийн санал авч байсан С.Мөнхчулууныг МАН-ын гишүүнчлэлээс хөөх саналыг гаргаж байсан билээ. Иймд Өвөрхангай аймгийн МАН-ын хорооны шийдвэрийн эсрэг нэр дэвшиж, олонхийн санал авсан О.Сумьяасүрэнг хэрхэх нь одоогоор тодорхойгүй байна.