Олон улсад нисэхийн салбарын бизнесийн 80 гаруй хувь нь цар тахлаас үүдэн уналтад орсон бөгөөд эргэн сэргэж, хэвийн үйл ажиллагаагаа явуулах хүртэл 3-4 жилийн хугацаа шаардлагатайг мэргэжилтнүүд хэлсээр байна. Тухайлбал, Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо (IATA)-ноос COVID-19 халдвар давтан дэгдэж байгаа явдал, бизнесийн зорилгоор зорчих урсгал бага, зорчигчдын болгоомжлол зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан олон улсын зорчигч урсгал 2023 онд, зорчигч тээврийн орлого 2024 онд тус тус COVID-19 цар тахлаас өмнөх үеийн үзүүлэлтэд хүрнэ гэж тооцоолжээ.
Харин манай улсын иргэний нисэхийн салбарын орлогын 90 гаруй хувийг бүрдүүлдэг навигацийн орлого буурсаар байна. Тодруулбал, 2018 онд навигацийн орлогоос 167.7 тэрбум төгрөг, 2019 онд 156 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж байсан бол 2020 онд 75 тэрбум төгрөг болтлоо буурчээ. Одоогийн байдлаар 60 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна. “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал жилд 22 тэрбум төгрөгийн зардалтай бөгөөд 24 тэрбум төгрөгийн орлого олдог гэдгийг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн танилцуулсан юм.
Өчигдөр “Далайд гарцгүй монгол ба агаарын тээврийн салбарын хөгжил” сэдвээр мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүлэг явагдсан бөгөөд энэ үеэр цар тахал намжсаны дараа “Хүннү эйр” Бээжин руу, “Аэро Монголия” Япон руу шууд нислэг үйлдэх болсон талаар мэдээлсэн юм.