Хэнтий аймагт баригдаж буй таван бүтээн байгуулалт олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байсан цаг саяхан. Угтаа аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилготой гэх. Гэвч эрхэм дарга нарын амлалт, төлөвлөгөө хөрсөн дээрээ хэрхэн буудгийг “Андлалын өргөө” харуулсан. Бүхэл бүтэн 2 тэрбум төгрөгөөр бүтсэн тус хөшөөг зураг төсөл, хөрөнгө оруулалтын хэмжээтэй нь харьцуулахад хэтэрхий чанаргүй, үзэмжгүй байгааг хүн бүр л хэлж байв.
Харин албаныхан “2024 оноос түүхэн аялал жуулчлалын бүрэлдэхүүн 110 мянгад хүрснээр тус бүс нутагт 50 сая ам.долларын орлого оруулах боломж бүрдэнэ. Хэдийгээр улсын төсвөөс 7.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж байгаа ч үүний цаана дээрх өгөөж бий болохоос гадна 450 шууд ажлын байр бий болж, 3,500 хүн дам байдлаар амьжиргаагаа дээшлүүлэх юм” гэж өөрсдийгөө зөвтгөсөн.
Хэнтий аймагт 2023 он гэхэд Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нэрийн дор дараах бүтээн байгуулалтууд хийгдэхээр төлөвлөгдсөн. Тодруулбал,
- Дэлгэрхаан суманд Монголын нууц товчоо цогцолбор
- Биндэр суманд Их хуралдай цогцолбор
- Норовлин суманд Шихихутаг цогцолбор
- Батноров суманд Хүлэг баатар Боорчи-Андлалын өргөө цогцолбор
- Бэрх тосгонд Далд уурхайн музейг тус тус барихаар төлөвлөж байна.
Тэгвэл 2021 оны төсөвт эдгээр ажлуудын хүрээнд нийтдээ 6 тэрбум 250 сая төгрөгийг төсөвлөжээ. Тодруулбал,
- "Их Засаг-Шихихутаг" цогцолборын гадна цахилгаан хангамж/Хэнтий аймаг, Норовлин сум/-300 сая
- "Их Хуралдай" цогцолборын барилгын интерьер, дотоод уран сийлбэр шинэчлэл, гадна цахилгаан хангамж /Хэнтий, Биндэр сум/-2,600,000,000
- "Монголын нууц товчоо" цогцолборын барилга/Хэнтий, Дэлгэрхаан сум/-1,500,000,00
- "Шихихутаг нууц товчоо" түүхэн аялал жуулчлалын цогцолборын барилга /Хэнтий, Норовлин сум/1,850,000,000
Эдгээр ажлын эхлэл Андлалын өргөө, Их Монгол цогцолбор гэхэд л иргэдээс маш их шүүмжлэл хүртсэн. Андлалын өргөөний тухайд Чингис хаан Боорчитой анд бололцоогүй гэдэг шүүмжлэлийг иргэд илэрхийлж байв. Холоос харахад анд бололцож буй биш тулалдаж буй мэт хоёр хүний хөшөө барилгыг их эзэн Чингис хаан, хүлэг баатар Боорчи хоёрынх хэмээн ирсэн жуулчдад тайлбарлах нь даанч “нүүр улайм”. Хэрэв 2021 онд 6 тэрбум 250 сая төгрөгөөр хийгдэх эдгээр ажил Андлалын өргөөний “онигоог” давтвал төсвийн мөнгөөр бүтсэн эрх баригчдын тоглоомыг 110 мянган жуулчин ирж үзэх эсэх нь тун эргэлзээтэй.