ТУСГАЙН АЛБА ХААГЧ: Хэрэв бид оюутнуудын гар утсыг булааж авсан бол өөрсдөө ч тусгаарлагдана

ТУСГАЙН АЛБА ХААГЧ: Хэрэв бид оюутнуудын гар утсыг булааж авсан бол өөрсдөө ч тусгаарлагдана

Өнгөрсөн лхагва гариг буюу энэ сарын 2-ны өдрийн 14:58 цагт Сиэтл -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан билээ. Тус нислэгээр нийт 254 иргэн ирсэн бөгөөд эдгээрээс 71 хүнийг “Тулгат” хэмээх амралтын газар тусгаарлахаар болжээ.

Тус иргэд тусгаарлалтын байр луугаа явах үедээ нэгэн цагдаагийн албан хаагчтай ширүүхэн маргалдаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тарсан юм. Тодруулбал, тус нислэгээр ирсэн оюутнууд интернэтгүй, халуун усгүй “Тулгат” гэх газар тусгаарлагдахгүй, онлайн хичээлээ хийх шаардлагатай хэмээн мэдэгдэж, эсэргүүцэл зарласан учраас Төв аймгийн цагдаагийн хэлтсийнхэн очиж эсэргүүцлийг зогсоожээ. Ингээд холбогдох байгууллагаас дээрх 71 хүнийг хотод буюу Био комбинатад байрлах “Энхсаран” сувилал руу шилжүүлсэн байна.

-ЭНХСАРАН АМРАЛТЫН ГАЗАРТ ОЧИХОД ТУСГААРЛАГДСАН ИРГЭДИЙН АР ГЭРИЙНХЭН ИРЧИХСЭН ЭРГЭЛТЭЭР БАРАА ОРУУЛЖ БАЙВ-

Олон нийтийн сүлжээнд тарсан мэдээлэлд “Тэднийг анхнаас нь “White house” зочид буудалд буулгана хэмээн хуурч халуун ус, интернэтгүй “Тулгат” гэх буудал руу аваачсан. Үүнийг мэдсэн оюутан залуус 21 хоногийн хугацаанд онлайн хичээлдээ хамрагдах ёстой учраас интернет, халуун устай газар аваачихыг шаардаж, эсэргүүцэл үзүүлэхэд тусгай хүчнийхэн очиж сүрдүүлэн, гар утсыг нь булаан авч, хүчээр “Энхсаран” амралтанд аваачиж тусгаарласан гэх. Энэхүү мэдээлэл цахим сүлжээнд идэвхтэй тархаж, олон хүмүүсийн уур бухимдлыг төрүүлсэн бөгөөд “хүний эрх”-ийг ноцтой зөрчсөн асуудал хэмээх шүүмжлэл тасрахгүй байв.

Тиймээс бид “Тулгат” гэх амралтын газарт тусгаарлагдах байсан ч эсэргүүцэж “Энхсаран” амралтанд тусгаарлагдсан иргэдийн бодит нөхцөл байдалтай танилцахаар тус амралтын газрыг зорьсон юм. “Буянт-Ухаа” нисэх буудлаас цааш 5 км гаруй яваад тус амралтын газарт хүрэх бөгөөд урдуур нь Туул гол урсаж, ойр орчимд мод бут ургасан нь байгалийн сайхныг илтгэнэ. Харин яг амралтын гадаа олон машин цувран зогсож, хүний хөл хөдөлгөөн их байв. Учир нь долоо хоногийн пүрэв гариг бүрт тусгаарлагдсан иргэдэд эргэлтээр бараа оруулахыг зөвшөөрдөг аж. Уут сав, хайрцаг бүр дээр тусгаарлагдсан иргэдийн нэр, нэр өрөөний дугаарыг бичих гэж ар гэрийнхэн нь үзэг, цаас сураглана. Мөн дэс дарааллан оочероо хүлээн зогсох аж. Харин хамгаалалтын нэг ажилтан баглаа боодлыг задлан бараануудыг бүртгээд оруулахыг хориглосон бүтээгдэхүүнүүдийг буцаан гэрийнхэнд нь өгнө. Ингээд шалгаж дууссан бараануудыг ачааны жижиг машинаар цааш зөөдөг бөгөөд дотор ороод дахин эмнэлэг болон онцгой комиссын ажилтнуудад шалгуулаад эзэддээ очдог аж.

-БИД ТУХАЙН ХҮМҮҮСТЭЙ ОЙРТООГҮЙ, ЧАНГА ЯРИГЧААРАА ЗААВАР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАСАН. БИД ЭНЭ ГАЗРЫН ХАМГААЛАЛТАНД ГАРЧ БАЙГАА УЧРААСАЖЛЫН МААНЬ МАШИН ТЭРЭГ БОЛОН НОХОЙ ЭНД БАЙГАА-

Бид тус амралтын газрын хамгаалалтыг хариуцдаг тусгайгийн албан хаагчаас Сиэтлийн нислэгээр ирсэн иргэдийн талаар тодруулсан юм.

-Сайн байна уу. Өчигдөр орой Сиэтл-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэдийн гар утсыг тусгайгийн ажилтнууд хурааж авч, хүчээр тусгаарласан гэсэн мэдээлэл яваад байна. Өчигдөр орой юу болсон юм бэ?

-Сайн. Сайн байна уу. Тийм ээ, цахим сүлжээгээр маш олон хуурамч мэдээллүүд явж байна. Тус нислэгийн хүмүүс “Тулгат” амралтын газарт тусгаарлагдахгүй гэсэн учраас энд авчирсан. Ирэхэд нь бид зай барих дүрмээ баримтлан чанга яригчаар “тав, таваараа буугаарай” хэмээн заавар, зөвлөгөө өгч ажилласан. Ямар ч тусгайгийн ажилтнууд нэмж ирээгүй, утсыг нь булааж аваагүй. Тэгж хүний эрхэнд халдах эрх бидэнд байхгүй. Бас тэр хүмүүстэй зөвхөн хамгаалалтын хувцастай хүмүүс л ойртох эрхтэй. Бид тэгж ойрын зайнд очиж, утсыг нь булаавал өөрсдөө тусгаарлагдана шүү дээ. Эсэргүүцсэн оюутнуудын нэг нь энд буухдаа зураг авж тависан юм шиг байна. Угаасаа энд бидний хэрэглэдэг тусгай хүчний  машин тэрэгнүүд болон нохой нар байгаа.

-“Энхсаран” амралтын газар интернет, халуун устай юу. “Тулгат” гэх амралтын газар интернетэд орох ямар ч боломжгүй, халуун усгүй гэсэн шүү дээ?

-Ер нь тусгаарлагдах байруудыг УОК, ЭМЯ-ны ажилчид өөрсдөө очиж шалгаж үзэн, шаардлага хангасан гэж үзээд сонгож байгаа. Тиймээс сонгосон газруудад л иргэдийг хувиарлаж байна. “Энхсаран” амралтын газрын хувьд бүх утасны сүлжээ байгаа учраас иргэд өөрсдийн датагаараа орох боломжтой. Бас халуун усанд орох боломжтой.

-“Энхсаран” амралтын газарт одоогийн байдлаар нийт хэдэн хүн тусгаарлагдаж байгаа вэ?

-Яг одоо 123 хүн тусгаарлагдаж байна.

-“ТА НАРЫН ӨВЧИН ТУСАХ БИДЭНД ХАМААГҮЙ, ХЭРВЭЭ ХАЛДВАР
АВБАЛ УЛС ТА НАРЫГ ЭМЧИЛНЭ” ГЭЖ ХАРИУЛСАН-

Бид дээрх мэдээллээс гадна эргэлтээр ирсэн ар гэрийнхнээс нь энэ талаар тодруулахад “Энэ газар нь арай тохь тухтай юм шиг байна. Усанд орох боломжтой гэсэн. Утасны хувьд бол мэдэхгүй байна. Ямар ч байсан гэр бүлийнхээ хүнтэй сая холбогдсон” гэсэн юм.

Анх эсэргүүцэж, цагдаагийн ажилтантай маргалдаж байгаа бичлэгийг “UB comedy”-ийн Амараа хэмээн олон нийтэд танигдсан залуу өөрийн нүүр хуудсандаа нийтэлсэн бөгөөд эсэргүүцэл үзүүлж, шаардлага тавьсан оюутнууд анх түүнтэй холбогджээ. Бид мөн түүнтэй холбогдож асуухад “20 гаруй цаг нисэж ирсэн хүмүүсийг тийм тохь тухгүй газар оруулвал хэн ч гэсэн эсэргүүцнэ. Тэдний утсыг хурааж авсан гэсэн. Нэг өрөөнд дөрөв, таваар нь оруулаад байхаар нь “бидний нэгээс халдвар илрээд хамт тусгаарлагдсан хүмүүс эрсдэлд орвол яах юм бэ гэхэд та нарын яах бидэнд хамаагүй ээ, хэрвээ өвчин тусвал улс эмчилчихнэ гэж хариулсан байсан” гэж мэдээлсэн юм.

Ямартай ч манай улс тусгай үүргийн нислэгээр иргэдээ татаж эхэлсэн цагаас хамгийн их яригдаж буй асуудал бол “тусгаарлах байрны тав тух”. Иргэд нислэгийн зардал болон тусгаарлагдах мөнгөө өөрсдөө төлж байгаа учраас цэвэрхэн, дулаахан, тохь тухтай газар тусгаарлагдах эрхтэй. Гэвч зочид буудал, амралтын газруудын зүгээс өдрийн 50 мянган төгрөгөөр тусгаарлалтын үйлчилгээг үзүүлэхэд хүндрэлтэй байгаа талаар нэг биш удаа мэдээлсээр байна. Харин энэ хооронд олон иргэд тохь тухгүй газар идэхийн аргагүй хоолоор өдөр хоногийг өнгөрүүлж буй нь нууц биш. Иймээс тусгаарлалтын зардалыг 50 мянган төгрөгөөс дээш олон сонголттой болгож, иргэд өөрсдийн боломжиндоо тохируулан тусгаарлах байраа сонговол энэхүү маргаан бага ч гэсэн намжиж магадгүй юм.