Дэлхийн тансаг хэрэглээний зах зээлд ноолуур болон нарийн ширхэгт түүхий эдээр урласан хувцас, бүтээгдэхүүнээрээ танигдсан Италийн "Лоро Пиана" компанийн Гүйцэтгэх захирал Фредерик Арну тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) -д оролцож байгаа билээ.
"Лоро Пиана" компанийн Гүйцэтгэх захирал Фредерик Арну, тус группийн үүсгэн байгуулагчид 1980-аад оны үед Монгол Улсад ирж, хамгийн сайн чанарын ноолуурыг дундын зуучлагчгүйгээр малчин айл өрхөөс авах зорилготой анх ажиллаж эхэлжээ. Үүнээс хойш тасралтгүй 30 жил хөрөнгө оруулж, малчидтай хамтран ажиллаж байгаа гэв. Чингэхдээ ноолуурын хэмжээнд бус чанарт төвлөрч, малчдын эрүүл мэнд, хөгжил болон бэлчээр, хөрсний доройтлыг бууруулах чиглэлээр бодит ажлуудыг үйл ажиллагаандаа тусган ажиллаж буйгаа уулзалтын үеэр онцлов. "Лоро Пиана" компани Сүхбаатар аймгийн таван сумын малчдын амьжиргааг дэмжих, хээрийн экосистем болон биологийн олон янз байдлыг хамгаалах зорилготой “Resilient Threads” буюу “Дасан зохицохуйн зам” хөтөлбөрийг өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн. Ирэх жилүүдэд хөтөлбөрийн хүрээг тэлж, бусад бүс нутагт үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой байгаагаа хэллээ.