ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д дипломат сануулга өгөв үү

ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д дипломат сануулга өгөв үү

БНХАУ-ын Засгийн газар энэ намрын хичээлийн шинэ жилээс эхлэн Өвөр Монголын Өөртөө Засах орны дунд, бага сургуульд “Хос хэлний сурган хүмүүжил” хэмээх нэрийн дор монгол хэлээр орох хичээлүүдийг зогсоон, Хятад хэлээр голлосон сурган хүмүүжлийн системийг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан.

Энэхүү шийдвэр гарсан даруйд Өвөр монголчууд эсэргүүцэн, жагсаж, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж багагүй тэмцэл өрнүүлж байгаа. Тэгвэл өчигдөр буюу есдүгээр сарын нэгэнд Ерөнхийлөгч Х.Баттулга сурагчдад мэндчилгээ дэвшүүлэх үеэр БНХАУ-д дипломат сануулга өгсөн бололтой. 

Тодруулбал, тусгай хичээлд оролцож байсан нэгэн хүү шүлэг уншихдаа Өвөр монголын яруу найрагчийн шүлгийн “Би унадаггүйн учир нь үсэг минь босоо юм байлгүй” гэсэн хэсгээс уншихад Ерөнхийлөгч үүнийг нь давтан хэлэхийн сацуу хичээлд оролцож байсан бүх хүүхдээр дахин хэлүүлсэн юм.

Дараа нь “Энэ шүлгийн агуулгыг та нар юу гэж ойлгож байна" гэхэд нэгэн хүү “Супер баатрууд болгонд өөрийн хүч байдаг. Харин Монгол хүмүүсийн супер хүч бол монгол бичиг” гэжээ. Үргэлжлүүлэн Ерөнхийлөгч Х.Баттулга “Ялан дийлэхийн бэлэг тэмдэг болсон босоо монгол бичгээ шамдан суралцахыг хүсье” гэсэн юм.