ӨВӨРМОНГОЛ ИРГЭН Х.ЧИЙРЭГ: Монгол бичгээ авч үлдэж чадсан гэдэг мэдээлэл худлаа

ӨВӨРМОНГОЛ ИРГЭН Х.ЧИЙРЭГ: Монгол бичгээ авч үлдэж чадсан гэдэг мэдээлэл худлаа

Өнөөдөр есдүгээр сарын 1-ний өдөр. Дэлхий даяар дэгдээд буй цар тахлын улмаас хичээлийн шинэ жилийг сүр дуулиантай нээхгүй байх шийдвэр гарсан ч сурагчид анги танхимдаа ирж, эрдэм номын үйлсд шамдах гэж буй тул энэ бол яахын аргагүй баярт үйл явдал. Гэвч бидний л нэгэн адил монгол гэж дуудагдан, хэл бичиг, соёл уламжлалаа дээдлэн амьдардаг Өвөрмонгол ахан дүүсийн хувьд гунигт өдрүүд үргэлжилсээр байна. Сүүлийн өдрүүдэд тэдний эх хэлээ авч үлдэх гэж тэмцэж буй зураг, бичлэг олон нийтэд тарж хүн бүхнийг эмзэглүүлээд буй. Тэд сүүлийн хоёр сар үндэсний эх босоо бичгээ авч үлдэх гэж бүх хүч чадлаараа тэмцсээр өнөөдрийг хүрчээ. Гэвч тэдний энэ тэмцэл их гүрний өмнө хүчин мөхөсдөж, Өвөрмонголчууд “хэл соёлгүй иргэд болж хятадын нөлөөнд бүрэн орохвий” гэсэн айдаст автаж эхэлжээ.

Өвөрмонголын хэд хэдэн хошуу, аймгуудаар хүчтэй үргэлжилж буй уг тэмцэлд манай улсын иргэд төдийгүй, дэлхий даяар тархсан бүхий л монголчууд нэгдэж, эх хэл, бичгээ хамгаалан үлдэхээр тэмцэж байна. Харин бид тус улсад чухам юу болоод байгааг бодитой мэдээллэхийн тулд Өвөрмонголын иргэн Х.Чийрэгтэй холбогдож ярилцлаа.

-ҮНДЭСНИЙ БИЧГЭЭ АЛДАХ ВИЙ, ЦААШИД ҮЕ ХОЙЧ
МААНЬ ХЭЛ, СОЁЛОО МЭДЭХГҮЙ БОЛОХ ВИЙ ГЭХЭЭС
УЙЛМААР САНАГДАЖ БАЙНА-

-Сайн байна уу. Эхлээд уншигчдад өөрийгөө товч танилцуулаач?

-Сайн, сайн байна уу. Намайг Х.Чийрэг гэдэг. Би Өвөрмонголын Хянган аймгийн Хорчин хошууны Улаанмод сумын хүн.

-Сүүлийн өдрүүдэд цахим хуудсаар эх хэлнийхээ төлөө тэмцэж буй Өвөрмонголчуудын зураг, бичлэг ихээр гарах боллоо. Ер нь Өвөрмонголын сургуулиудад хичээлийг хятад хэлээр оруулах тухай яриа өнгөрсөн зургадугаар сараас эхэлж тарсан байх?

- Тийм ээ, зургадугаар сарын эхээр Тунляо хотын монгол сургуулиудын сургалтын хэлийг хятад болгон өөрчлөх “Хос хэлний сурган хүмүүжил” хэмээх тушаал ирсэн тухай мэдээ тэр хавьд тарсан. Энэ нь эхлээд бидний дунд дам яриа байсан бөгөөд тодорхой албан ёсны шийдвэр гараагүй тул бид дотроо айдастай байсан ч, арай ч үгүй байлгүй дээ гэж бодож байсан юм. Гэтэл гэнэт л ийм шийдвэр гарчихсан.

-Тэгэхээр бүх хичээлээ хятад хэлээр үзнэ гэсэн үг үү?

-Тиймээ, бүр бүх сурах бичгүүдийг хятад хэлээр хэвлэж, бэлтгэсэн байсан. Сурагчид зургаан настайдаа сургуульд элсэхдээ Монгол хэл, бичгээ үзээд, гуравдугаар ангиасаа Хятад хэлийг сурдаг байсан юм. Өмнө нь сурагчдад Монгол хэл, бичиг нэртэй хичээл ордог байсныг өөрчилж, “Хэл бичгийн хичээл” нэртэй болгосон. Үүгээрээ Хятад хэлийг суурь хэл болгон заах гэж байна.

-ЭХ ХЭЛЭЭ АВЧ ҮЛДЭХИЙН ТУЛД УЙЛЖ, ДУУЛЖ,
СӨГДӨЖ, ГУЙЖ БАЙНА-

-Одоо байдал ямархуу байна. Өчигдөр цахим ертөнцөд “Өвөрмонголчууд тэмцэж, эх хэлээ авч үлдлээ” гэсэн утгатай мэдээлэл цацагдсан. Энэ худлаа болж таарсан?

-Тийм ээ, тэр худлаа мэдээлэл шүү. Одоо ч Өвөрмонгол даяар тэмцэл үргэлжилсээр байна. Үнэхээр айдастай байна. Ингээд үндэсний бичгээ алдах вий, хойч үе маань үндэс угсаа, хэл соёлоо мэдэхгүй өсөхвий гэж их эмээж байна даа. Одоо бид хоолоо тайван идэж, нойроо ч бүтэн авах боломжгүй байдалд байна.

-Цахим ертөнцөд “Монголоороо байгаасай” дууг дуулан уйлцгааж, сөхөрч гуйж байгаа зураг бичлэг их цацагдсан. Бүр амиа хорлосон тухай ч мэдээлэл гарсан?

-Тийм ээ, энд бид эх хэлээ авч үлдэхийн тулд бүхий л аргаар тэмцэж байна. Уйлах үедээ уйлж, дуулахдаа дуулж, сөгдөж, мөргөж, гуйж байна. Хүүхдүүдээ сургуулиас нь гаргах гэж олон аргаар үзсэн. Гэтэл сургуулийнх нь захиргаа нь хүүхдүүдийг нь өгөхгүй хорьсон. Барьцаалж, хичээлд нь суулгах гэж үзэж байна. Энд жагсаал цуглаан хийх эрх чөлөө тун бага учраас хүүхдээ авах гэж ирсэн эцэг, эхчүүдэд цагдаа нар үнэхээр хатуу хандаж, зодож байсан. Амиа хорлосон хүүхдийн тухайд тавдугаар ангийн хүүхэд байсан. Ээжийг нь цагдаа нар зодож байгааг хараад болиулахыг хүссэн ч хэн ч тоогоогүй учраас өндрөөс үсэрч амиа хорлосон байсан.

-ЭЭЖИЙГЭЭ ЦАГДАА НАРТ ЗОДУУЛЖ БАЙГААГ ХАРААД БОЛИУЛАХЫН
ТУЛД ЦОНХООР ҮСЭРСЭН. БАС ДУНД АНГИЙН ДӨРВӨН СУРАГЧ
УУЛ ДАВЖ ЗУГАТААСАН-

-Хүүхдүүд нь өөрсдөө нийлээд сургуулиасаа гараад ирэх боломжгүй юу. Тийм их цагдаа оччихсон байгаа юм уу?

-Бага ангийн сурагчдын хувьд үнэхээр хүч чадал нь хүрэхгүй. Тэднийг багш, цагдаа нар айлгаж байгаа. Харин дунд ангийн сурагчид хэсэг хэсгээрээ оргож, зугтаасан хэрэг гарсан. Жишээ нь “Хулын гол” гэдэг газар дунд ангийн дөрвөн сурагч сургуулиасаа оргож, уул давж зугатаасан. Араас нь цагдаа нар хөөж байгаа.

-Энэхүү тэмцлийн хариуд та бүхэнд дарамт шахалт их ирж байгаа байх?

-Тийм ээ, олон талын л дарамт, сүрдүүлэг ирж байна. Өнөөдөр сургуульд хүүхдээ авчирж өгөхгүй бол очиж гэрээс нь хүчээр авна гэсэн яриа тарсан. Бас зарим аймаг хошуудын утасны сүлжээг тасалж, энэ талаар мэдэгдэхгүй байх арга хэмжээ авсан. Наймдугаар сарын 23-ны өдөр монгол сошиал апп Bainu-г тодорхой шалтгаангүйгээр хориглосон бөгөөд WeChat, Тик Ток дээрхи бичлэгүүд алга болж эхэлсэн. Бид ихэвчлэн wechat ашиглан харилцдаг. Хоорондоо групп нээж, олноороо мэдээлэл солилцдог. Гэтэл энэ сүлжээг хаах, хаягийг хянах тохиолдлууд гарч байна. Жишээ нь, Монгол бичгээр бичсэн бичигтэй групп чат байвал, түүнийг шууд хааж байна.  Хятадын Засгийн газар цагдаа, нууц албаныхны тусламжтайгаар яриаг нь тагнаж, чагнаж баривчлах ажиллагааг их явуулж байна. Эсэргүүцсэн хүмүүсийг эхнээс баривчилж байна. Байдал улам л хурц болж байна даа.

-Ярилцсанд баярлалаа.