Монгол улс БНХАУ-д хамгийн их өртэй 30 буурай орны тоонд багтжээ

Монгол улс БНХАУ-д хамгийн их өртэй 30 буурай орны тоонд багтжээ

Олон улсын эдийн засаг, санхүүгийн тавцанд БНХАУ-ын нөлөө, байр суурь дээгүүр болсоор удаж байна.  Сүүлийн хорин жилийн хугацаанд БНХАУ дэлхийн томоохон зээлдүүлэгч болж хувирсан бөгөөд зээлдүүлсэн мөнгөний хэмжээ нь өнөөгийн байдлаар дэлхийн ДНБ-ий 5 хувиас дээгүүр байгаа юм. Эдгээр зээлийн дийлэнх нь албан ёсны бөгөөд зээлдэгч улс орнуудын засгийн газар, төрийн хяналтанд байдаг аж ахуйн нэгжүүдээс ирдэг. Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын Засгийн газар ба түүний харьяа байгууллагууд нийтдээ дэлхийн 150 гаруй оронд 1.5 их наяд орчим долларын шууд зээл, худалдааны зээл олгожээ. Ингэснээр БНХАУ дэлхийн хамгийн том албан ёсны зээлдүүлэгч субъект болсон бөгөөд Дэлхийн банк, ОУВС зэрэг уламжлалт, албан ёсны зээлдүүлэгчдээс хавь илүү болж хувирсан юм.

-ХАМГИЙН ИХ ӨРТЭЙ УГ 30 УЛСЫГ “ӨРИЙН ХЯМРАЛД ОРСОН, ЭРСДЭЛ БҮХИЙ ОРНУУДЫН ТООНД БАГТААСАН БАЙНА-

БНХАУ-аас зээлсэн 150 гаруй улс орнуудаас хамгийн их өртэй бөгөөд хамгийн бага орлоготой 30 улс дэлхийн эдийн засагчдын анхаарлын төвд ороод уджээ. Учир нь эдгээр улсыг “өрийн дарамтанд орсон /хямралд/, ихээхэн эрсдэлтэй улс орнуудын зэрэглэлд оруулж тооцдог.  Харин эдгээр улс орнуудын тоонд Монгол улс багтсан бөгөөд доороосоо долоод бичигдэж байна. Энэхүү жагсаалтын дийлэнхийг нь Африкийн улс орнууд бүрдүүлдэг ба тус тивийн улс орнуудын 93 хувь нь БНХАУ-аас ихээхэн хэмжээний зээл авчээ.

-НУУГДСАН ӨР БА ДАЛД ЭРСДЭЛ-

Олон арван жилийн турш дэлхийн судлаачид “БНХАУ-ын гадны улсуудад зээлүүлсэн мөнгөний хэмжээгээ олон улсад нээлттэй мэдээллэх нь дутмаг байснаас ядуу орнуудын өрийн асуудал хэр хэмжээнд явж байгааг мэдэх боломжгүй болсон” хэмээн бухимдсаар иржээ. Учир нь БНХАУ-ын зээлийн системийн тайлан нь хатуу чанд нууцлалтай байсаар ирсэн бөгөөд олон улсын тавцанд ил тод мэдээлэхээсээ үргэлж зайлсхийсээр иржээ. Ингэснээр БНХАУ дэлхий хэмжээнд томоохон “далд өр”-ийн системийг бий болгосон бөгөөд олон улсад бүртгэгдээгүй зээлийн хэмжээ 2016 оны байдлаар 200 тэрбум доллар болж өссөн байна. Харвардын их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар БНХАУ улс орнуудад олгосон зээлийнхээ 50 хувийг олон улсын зохих байгууллагуудад тайлагнаагүй бөгөөд эдгээр зээлийн өрийн нөөц нь Дэлхийн банк, ОУВС эсвэл зээлийн үнэлгээний агентлагуудын "алтан стандарт" өгөгдлийн эх үүсвэрт байдаггүй гэсэн тооцоо гаргасан байна.

БНХАУ олгосон зээлийнхээ хэмжээг нууцалдаг нь дараах учир шалтгаантай хэмээн судлаачид үздэг.

1.Дэлхийн улс орнууд БНХАУ-д хэр их өртэй, ямар нөхцөл байдалд байгааг олон улсын байгууллагуудад мэдэгдэхгүй байх нь тэдний зүгээс тавих хяналтыг /эргэн төлөлтийн дарамт, санхүүгийн эрсдлийг үнэлэх г.м/ бууруулдаг. Ингэснээр зээлдүүлэгч улс өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн асуудлыг шийддэг.

2.Мэргэжлийн байгууллагууд тухайн  бодит өрийн цар хүрээг бүрэн ойлгоогүй тохиолдолд зээлийн өрийн гэрээ, бонд гэх мэт зүйлсийг өөрчлөх, хуурамчаар үйлдэх боломж гардаг

3.Тус улсын зээл хэзээ зогсох, хэрхэн өөрчдөгдөх талаар дэлхийн эдийн засгийн үйл ажиллагааны урьдчилсан тооцоо гаргахад хүндрэлтэй зэрэг хүчин зүйл багтаж байна.

Манай улс коронавирусээр далимдуулан байж болох бүхий л гадны зээл, тусламжыг авсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл үүнээс гадна манай улсад бас нэгэн том өрийн эрсдэл тулгараад байна. Дэлхийн эдийн засагчдын анхааруулж буйгаар их хэмжээний өр зээл нь тухайн улсыг өрийн дарамтанд оруулснаар, зээлдүүлэгч орны эрх ашгийг хангах, тухайн улсаас бүрэн хараат байдалд оруулснаар тусгаар тогтнолоо алдах улмаар устаж, мөхөх эрсдэлтэй хэмээсээр байна. Мөн сүүлд хийсэн судалгаагаар их хэмжээний өр зээл, түүнээс үүдсэн дарамтаас шалтгаалан Африкийн хэд хэдэн улс бүрэн устаж, үгүй болох аюул нүүрлээд байгаа ажээ.