Онгоцонд нас барсан иргэнтэй ойрхон сууж явсан хүмүүс айж бэргэсэн ч суудал дүүрсэн учраас хөдөлгөлгүй авчиржээ

Онгоцонд нас барсан иргэнтэй ойрхон сууж явсан хүмүүс айж бэргэсэн ч суудал дүүрсэн учраас хөдөлгөлгүй авчиржээ

Өчигдөр Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Чингис хаан” нисэх онгоцны буудалд шөнийн 22:50 цагийн үед газардсан. Тус нислэгээр нийт 265 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд үүний 21 нь Себү аралаас ирсэн юм. Үүнд, хөгжлийн бэрхшээл 4, өндөр настан-асран хамгаалагчтай 38, эрүүл мэндийн шалтгаантай 49, бага насны хүүхэдтэй гэр бүл 74, жирэмсэн 18, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 60 иргэн байгаа юм.

Харин тус нислэгээр эх орондоо ирж явсан 62 настай, эмэгтэй онгоцонд нас барсан харамсалтай хэрэг гарч, олон нийтийг цочирдуулсан билээ. Уг эмэгтэйн хувьд Австрали улсаас ирж явсан бөгөөд тус улсад амьдардаг хүүхдүүдтэйгээ хэдэн сарыг өнгөрөөгөөд буцаж явсан байна. Албан бус эх сурвалжийн мэдээллээр талийгаач чихрийн шижин өвчтэй байжээ.

-СУУДАЛ ДҮҮРЭН БАЙСАН УЧРААС ТАЛИЙГААЧИЙГ СУУДАЛД НЬ БЭХЛЭН НИССЭЭР ГАЗАРДЖЭЭ-

Энэхүү хэрэг нь онцгой нөхцөл байдалд үүссэн гэнэтийн хэрэг байсан учраас талийгаачийн цогцсыг суудал дээрээс нь хөдөлгөлгүй, бэхлэн авчиржээ. Мөн уг тусгай үүргийн онгоцны суудал дүүрэн байсан тул ойр орчмын хүмүүс хөдлөлгүй байр байрандаа суун ниссэн байна. Харин энэ талаар зарим иргэдийн хувьд шүүмжлэлтэй хандаж байсан бөгөөд, ойр орчимд байсан хүмүүс айж, бэргэсэн тохиолдол гарчээ.

Нисэх онгоцонд нас барсан тохиолдолд  хэрхэх талаар олон улсын хууль, конвенцид  тусгайлан заасан байдаг. Тухайлбал, нас барсан хүнийг аль болох бага зорчигчтой хэсэг рүү, суудал  дүүрсэн тохиолдолд өөрийн суудал эсвэл бусад хүмүүст  саад болохооргүй газарт шилжүүлэх ёстой. Мөн талийгаачийг тусгай бүтээлгээр бүтээх хэрэгтэй ба тусгай бүтээлэг байхгүй бол толгой хэсгийг хучих шаардлагатай ажээ. Нас барсан хүмүүсийг суудлын бүс эсвэл бусад тоног төхөөрөмжөөр бэхлэх ёстой ба зорьсон газраа ирэхэд бусад зорчигчдыг эхлээд буулгадаг байна. Гэр бүлийн гишүүд нь хамт яваа тохиолдолд талийгаачийн дэргэд байх ёстой бөгөөд

-ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ, КОНВЕНЦИД ЗААСНААР ТАЛИЙГААЧИЙГ ХҮН БАГАТАЙ ГАЗАР ШИЛЖҮҮЛЭХ, ХҮН ДҮҮРЭН ТОХИОЛДОЛД СУУДАЛ ДЭЭР НЬ АВЧРАХ ЗААЛТТАЙ БАЙДАГ АЖ-

Өвчин, тодорхойгүй шалтгаан, осол аваар эсвэл хайхрамжгүй байдлаас үүдэлтэй эсэхээс үл хамааран онгоцонд нас барах нь маш онцгой тохиолдол юм. Иймээс энэхүү эмзэг сэдвийн талаархи хууль эрх зүйн болон практик мэдлэгийн талаар олон улсын хууль, эрх зүйчид олон жил судалсаар иржээ. Мөн олон улсын конвенцууд нас барсан хүмүүсийн гэр бүл болон агаарын тээврийн компаниудын эрх, нэр төрийг сайтар хамгаалахад чиглэгддэг байна.

Манай улсын хувьд дээрх нөхцөл байдалд тусгай чиргүүлийг ашигладаг боловч Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц тухайн үед чиргүүлгүй нисэж байжээ.