Г.Хонгорзул: Бид “Баянхангай” амралтын газрын талаар УОК-ын утас руу залгаж хэлэхэд “тэгвэл буцаад яв” гэж уурласан

Г.Хонгорзул: Бид “Баянхангай” амралтын газрын талаар УОК-ын утас руу залгаж хэлэхэд “тэгвэл буцаад яв” гэж уурласан

Манай улс энэ сард хамгийн олон тусгай үүргийн нислэг хийнэ хэмээн төлөвлөсөн. Энэ дагуу одоогоор арав гаруй нислэг хийгдээд байгаа бөгөөд энэ сарын 27-нд Франкфуртийн онгоцоор 260 иргэн эх орондоо ирсэн билээ. Эдгээр иргэдээс дөрвөн иргэнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа бол Цэргийн төв эмнэлэг, “Сүнжин Гранд”, “Би Жи” зочид буудал болон “Баянхангай” амралтын газарт 21 хоног тусгаарлахаар болсон юм.

Гэвч “Баянхангай” хэмээх амралтын газарт тусгаарлагдсан иргэдийн зүгээс “Тусгаарлах байр шаардлага хангаагүй, ариун цэврийн баталгаагүй байна. Бид тансаг газар хүсээгүй. Бусад шигээ чанарын шаардлага хангасан газар тусгаарлагдмаар байна” хэмээн эсэргүүцэж, 18 иргэн суулт зарласан юм. Ингээд бид энэ сарын 27-нд Франкфуртын онгоцоор эх орондоо ирж, “Баянхангай” амралтын газар тусгаарлагдсан ч эсэргүүцэн суулт зарласан иргэн Г.Хонгорзултай холбогдож тухайн үед юу болсон талаар ярилцлаа.

-АМРАЛТ РУУ ЯВЖ БАЙХАД ШАВАРТАЙ ЗАМД АВТОБУС ЯВАХГҮЙ ГЭЭД СОЛИХООР
БОЛСОН ЮМ. ХОТООС ИРЖ БАЙГАА АВТОБУСЫГ ХҮЛЭЭЖ
БАЙХ ҮЕДЭЭ БӨГЧИМДӨӨД ЦОНХОО НЭЭЕ ГЭХЭД ЭСЭРГҮҮЦСЭН-

-Сайн байна уу. Сайн  явж ирсэн үү. Аль улсаас ирсэн бэ?

-Сайн. Сайн байна уу. Сайн явж ирлээ. Би Арабын Нэгдсэн Эмират улсаас ирсэн.

-Таны хувьд эх орондоо ирэх хүсэлтээ хэзээ өгсөн бэ?

-Би ирэх хүсэлтээ долдугаар сарын 9-нд өгсөн. Арабын  виза 2021 он хүртэл хүчинтэй байсан болохоор надаас илүү хүндэтгэх шалтгаантай хүмүүс түрүүлээд яваг дээ гэж бодоол явах хүсэлтээ өгөлгүй тайван байсан. Эх орон руугаа явах хүсэлтээ өгөөгүй ч удахгүй хилээ нээх байх гэж итгэж, горьдож хүлээж байсан. Гэтэл гэнэт визаны хугацаанд өөрчлөлт ороод  бүх гадаад иргэдийн виза наймдугаар сарын 10 хүртэл хүчинтэй болсон.  Ингээд л яаралтай буцахгүй бол болохгүй юм байна гэж бодсон.

-Та бүхэн онгоцноос буугаад Баянхангай  амралтын газар луу юугаар явсан бэ? Нийт хэдэн хүн уг амралтын газарт хуваарилагдсан юм бол?

-Тэр амралтын газар луу том автобусаар явсан. Нийт 50 гаруй хүн хуваарилагдсан байсан. Бат-Сүмбэр сумаас цагдаа нар тосож аваад цаашаа зам заагаад явдаг юм билээ. Тэр үед бороо их орчихсон байсан болохоор зам шавар шавхай болчихсон байсан. Тэгээд том оврын автобус тэр замаар явж чадахгүй юм байна гээд араас 20 хүний суудалтай жижиг автобус ирсэн. Ингээд “Баянхангай” амралтын газар луу хүрэх гэж 5 цаг шахуу явсан. Тэгээд замдаа автобусаа солиод, хүмүүсээ хүлээлгээд бөөн л ажил болсон доо.

-Автобус хүлээж байх үедээ хаана байсан бэ? Ямар нөхцөл байдалд байв?

-Автобусандаа л сууж байсан. Сүүлдээ бөгчим газар удаан байгаад “цонхоо онгойлгооч, агаар амьсгалья” гэхэд эсэргүүцсэн. Дагуулж явж байсан цагдаа нар ч биднийг вирус юм шиг хандаж, загнаж байсан. Тэгээд маш удаан замд явсан ч гэсэн амралтын газар луу очиж байгаа болохоор тэсээд явсан л даа. Гэтэл яг Баянбуурал амралтын доор Баянхангай гэсэн урт шар байшин дээр очтол ажиллахаа байгаад олон жил болчихсон юм шиг маш сонин, муухай харагдсан.

-БИД АМРАЛТЫН ГАЗАР ЛУУ ОРОЛГҮЙ ГАДНААС НЬ ЦОНХООР ХАРАХАД ӨМНӨХ
ЦАГААН ХЭРЭГЛЭЛИЙГ Ч СОЛИОГҮЙ БАЙСАН-

-Баянхангай  амралтын газарт очиход яг ямар нөхцөл байдал угтсан бэ?

- Хамгаалалтын хувцастай хүмүүс ирчихсэн,дотор нь ороход хоёр эмч, нэг эгч хүмүүсийг өрөөнд нь хуваарилаж байсан. Тэр эгч хүмүүстэй маш муухай харьцаж байсан. Тэгээд хуваарилагдсан хүмүүс өрөөндөө орж үзчихээд буцаж гарч ирээд “хүүе ээ энэ өрөө чинь яасан бохир заваан юм бэ, цэвэрлээгүй байна ш дээ” гээд гайхацгааж байсан. Тэгээд л бөөн асуудал болсон. Бид гаднаас нь цонхоор нь харахад өмнөх бохир цагаан хэрэглэлүүдийг ч солиогүй байсан. Зарим хүмүүс шаардлага тавьж байж арай гайгүй өрөөнд орцгоосон байх. Харин Африкаас ирсэн ах нар өөрсдийнхөө хүсэлтээр шууд орцгоосон.

-Суулт хийсэн талаараа илүү дэлгэрэнгүй ярихгүй юу. Хэр удаан суулт хийсэн бэ. Тэнд байсан албаны хүмүүс яаж хүлээж авав?

-Бид нар цонхоор нь хараад л тэр газар луу орохыг хүсээгүй. Тэгээд гадаа зогсоод орохгүй гэдгээ хэлсэн. Эхлээд 20-лаа эсэргүүцэж байсан ч нялх хүүхэдтэй хүмүүсийн хүүхэд нь уйлаад бороонд зогсоод орохоос өөр аргагүй болсон. Ингээд 14-лээ үлдсэн ч  зарим хүмүүс хол замд яваад өлсөж, цангасан учраас орцгоогоод долоон л хүн үлдсэн. Амралтын газарт өдөр нэг цагийн үед очоод орой 22:00 цаг хүртэл суултаа хийсэн. Ингээд орой 23:00 цагийн үед хотоос автобус ирээд биднийг авч явсан юм. Албаны хүмүүс эхлээд хашгирч загнахад бид ч урдаас нь шаардлагаа тависан. Бид тэндээс бүх зардлаа өөрсдөө гаргаад ирж байгаа хүмүүс. Автобусны зардал, ачаа тээврийн зардалаа ч төлж ирсэн. Тэр амралтаас Сүнжин гранд буудал руу ирэх зардлаа ч төлсөн шүү дээ. Гэтэл яагаад ийм шаардлага хангаагүй газар 21 хоног байх ёстой гэж.

Тэнд байсан ажилчид нь “энэ бусад хэдэн газруудыг бодвол хамаагүй дээр амралт байна. Энэ газраас дор шаардлага хангаагүй газрууд хэд хэд байсан. Бид энэ газрын цэвэрлэгээ, стандартыг мэдэхгүй. Дээрээс энд авчир гэж тушаасан. Бид ажлаа л хийж байна”гэж хэлж байсан. Сүүлдээ “орчих л доо, нээрээ орохгүй юмуу. Энд хоновол  чийгтэй газар даарч жиндэнэ” гээд тэнд байсан эмч, хамгаалалтын хүмүүс их санаа зовж байсан. Бид ч гүрийгээд “үгүй ээ, эндээ хононо, босоогоороо унтана” гэсээр автобус ирсэн. Бас тэнд байсан хүмүүс битгий чимээн шуугиан дэгдээж, хэл ам болгоод бай. Чимээгүйхэн сууж бай. Автобус дуудчихсан. Чимээ шуугиан гаргаад байвал ирж байгаа автобусыг буцаачихна шүү” гэж байсан. Бид ч дотроо айгаад тэр чимээгүй л суусан.

-ТЭНД БАЙСАН ЭМЧ, ХАМГААЛАГЧ НАР “ОРЧИХ Л ДОО, ИНГЭЭД ЧИЙГТЭЙ ГАЗАР
УДААН СУУВАЛ ДООРООСОО ДААРЧИХНА” ГЭЖ ХЭЛЖ БАЙСАН-

-Тэр үед тэнд байсан хүмүүс УОК-ын шуурхай утас руу залгаж, санал хүсэлтээ илэрхийлсэн гэсэн?

-Тийм ээ, хамт суулт зарлаж байсан залуу тэр утас руу нь хэд хэд залгаж хэлэхэд өөдөөс нь “юу яриад байгаа юм. Тэгвэл гурван саяаа өгөөд Солонгосруугаа буцахгүй юу” гэж хариулсан. Тэр бол арай л дэндүү хариулт. Тэр өдөр бас Солонгосоос онгоц ирсэн болохоор андуурсан юм шиг байна лээ. Хүний яриа ч ойлгоогүй байж “буцаад яв” гээд уурлаж байсан.

-Одоо “Сүнжин гранд” буудалд байрласан юм байна.Нөхцөл байдал арай дээрдсэн байх?

-Тийм ээ. Хамаагүй дээрдсэн.

-Одоо өрөөндөө хэдүүлээ байгаа вэ. Өрөөндөө ганц, ганцаараа орно гэж эсэргүүцэн, суулт зарлалаа гэсэн мэдээлэл яваад байсан?

-Ганцаараа орно гэж илт дайрч, эсэргүүцсэн зүйл байхгүй л дээ. Гэр бүлийн хүмүүс ч яахав  нэг өрөөнд орсон. Харин огт бие биенээ танихгүй, өөр өөр улсаас ирсэн хүмүүсийг хүчээр нэг өрөөнд оруулах гээд байсан учраас зарим хүмүүс дургүйцсэн юм. Тусгаарлалт гэдэг утгаараа мэдээж тус тусдаа л байх ёстой шүү дээ. Манай нислэгээс нэг хүнээс халдвар илэрсэн байсан. Ингээд хаа хамаагүй өрөөнд холиод оруулчихвал өндөр эрсдэлтэй. Миний хувьд найзтайгаа хамт нэг өрөөнд орсон.

-Баянхангай  амралтын газарт тусгаарлагдсан хүмүүсээс долоон хүн л “Сүнжин гранд” буудал руу явсан юм байна?

-Тийм ээ. Суулт хийгээд орой гэхэд үлдсэн долоон хүн л явсан. Гэхдээ тэр амралтын газар луу машин явахад үнэхээр хүндрэлтэй, интернетгүй, гадаадаас ирсэн хүмүүс учраас монгол дугаар байхгүй. Эргэлт бараг л очих боломжгүй юм байна лээ. Тэнд үлдсэн нялх хүүхэдтэй хүмүүс хэцүү л байгаа байх. Бид анх суулт хийхдээ “яагаад хүмүүсээ ийм хэцүү нөхцөлд байлгаад байгаа юм бэ, дараа дараагийн ирэх хүмүүс бас ийм л байх юм уу, эсэргүүцэж шаардлага тавьж, энэ байдлыг жаахан ч гэсэн өөрчилье гэсэн үүднээс эсэргүүцлээ илэрхийлсэн. Иргэд бид болохгүй байгаа зүйл дээр шаардлага тавьж, өөрчлөхийг хичээх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.