Меланомын эсрэг вакцин нь хавдрын эсүүдийг дархлааны системээр таньж устгуулах, улмаар дахилт болон үсэрхийллийн эрсдэлийг бууруулах зорилготой

Меланомын эсрэг вакцин нь хавдрын эсүүдийг дархлааны системээр таньж устгуулах, улмаар дахилт болон үсэрхийллийн эрсдэлийг бууруулах зорилготой

Хавдрын эмчилгээний хамгийн том даваа бол хавдрыг устгах бус, эмчилгээний дараа дахин үүсэх болон биеийн бусад эрхтэнд тархахаас хэрхэн сэргийлэх вэ гэдэг асуудал. Энэ асуултад хариулах шинэ технологийн нэг болох хувь хүнд тохирсон “mRNA” хавдрын вакцин энэ удаа томоохон клиник судалгааны шатанд анхаарал татахуйц үр дүн үзүүллээ.

-АЛЬ ХЭДИЙН ҮҮССЭН ХАВДРЫГ МЭС ЗАСЛААР АВСНЫ ДАРАА ҮЛДЭЖ БОЛЗОШГҮЙ ХАВДРЫН ЭСҮҮДИЙГ ДАРХЛААНЫ СИСТЕМЭЭР ТАНЬЖ УСТГУУЛАХ ҮҮРЭГТЭЙ ВАКЦИН-

АНУ-ын Moderna болон Merck компаниудын хамтран хөгжүүлж буй “intismeran autogene” буюу V940 (хуучнаар mRNA-4157) эмчилгээний вакцины гуравдугаар шатны судалгааны эхний үр дүн наймдугаар сарын 19-нд танилцуулагдсан юм. “INTerpath-001” нэртэй энэхүү судалгаанд мэс заслын аргаар хавдрыг бүрэн авхуулсан, өндөр эрсдэлтэй IIB–IV үеийн меланомын 1,137 өвчтөн хамрагджээ. Судалгаагаар V940-ийг Merck-ийн дархлаа эмчилгээний Keytruda (pembrolizumab)-тай хослуулан хэрэглэхэд Keytruda-г дангаар нь хэрэглэсэнтэй харьцуулахад хавдар дахин үүсэхгүй байх хугацаа болон хавдар алс эрхтэнд үсэрхийлэхгүй байх хугацааны үндсэн үзүүлэлтүүд статистикийн ач холбогдолтой, эмнэлзүйн хувьд ач холбогдолтой хэмжээгээр сайжирсан байна. 

Гэхдээ үүнийг “хавдрыг бүрэн эмчилдэг вакцин бүтээжээ” гэж ойлгож болохгүй. V940 нь эрүүл хүнд хийж хавдар үүсэхээс урьдчилан сэргийлэх зориулалттай вакцин биш. Харин аль хэдийн үүссэн хавдрыг мэс заслаар авсны дараа үлдэж болзошгүй хавдрын эсүүдийг дархлааны системээр таньж устгуулах, улмаар дахилт болон үсэрхийллийн эрсдэлийг бууруулах зорилготой эмчилгээний вакцин юм.

-ТУХАЙН ӨВЧТӨНИЙ ХАВДРЫН ОНЦЛОГТ ТОХИРУУЛАН БОЛОВСРУУЛНА-

V940-ийн хамгийн сонирхолтой тал нь бүх хүнд ижил байдлаар хэрэглэдэг уламжлалт вакцин биш, тухайн өвчтөний хавдрын онцлогт тохируулан боловсруулдагт оршидог аж. Хавдар үүсэх явцад эсүүдэд олон төрлийн генетикийн өөрчлөлт бий болдог. Тэдгээрийн зарим нь зөвхөн тухайн хавдрын эсэд байдаг өвөрмөц уураг буюу неоантиген үүсгэдэг байна. Уг вакциныг хийлгэснээр дархлааны систем эдгээр өвөрмөц шинжийг таньж чадвал хавдрын эсийг онилон довтлох боломжтой юм. Иймээс V940 боловсруулахын тулд эхлээд өвчтөний хавдрын эдийг генетикийн түвшинд шинжилж дараа нь тухайн хавдарт байгаа, дархлааны хүчтэй хариу урвал өдөөх боломжтой мутаци буюу неоантигенүүдийг сонгож, тэдгээрийн мэдээлэлд үндэслэн тухайн өвчтөнд зориулсан mRNA дарааллыг боловсруулдаг байна.

АНУ-ын Хавдар судлалын үндэсний хүрээлэнгийн тайлбарласнаар V940 нь өвчтөний хавдрын генетикийн мэдээллээс сонгосон өвөрмөц неоантигенүүдийг mRNA-д кодлон, дархлааны хариу урвал үүсгэх зарчимтай.

Энгийнээр хэлбэл, энэ нь нэг үйлдвэрийн шугамаас гарсан ижил бүтээгдэхүүнийг бүх хүнд хэрэглэхээс илүүтэй “энэ өвчтөний хавдар яг ийм шинжтэй байна” гэдгийг тогтоогоод түүнд тохирсон эмчилгээ боловсруулах арга юм. Гэхдээ дээр дурдсанчлан mRNA нь өөрөө хавдрын эсийг шууд устгадаг бодис биш. Харин эсүүдэд тодорхой уураг бүтээх мэдээлэл өгч, дархлааны тогтолцоонд хавдрын өвөрмөц шинжийг “танилцуулах” үүрэгтэй. Ингэснээр антиген танилцуулагч эсүүд тухайн мэдээллийг боловсруулж, Т эсүүдэд хүргэнэ. Үүний дараа Т эсүүд тухайн неоантигенийг агуулсан хавдрын эсүүдийг таньж, устгах чадвартай болохыг зорьдог. Мөн дархлааны санамжийн эсүүд үүссэнээр хавдрын эс дахин илэрвэл түүнд хариу үзүүлэх боломжийг хадгалах зорилготой ажээ. Энэ механизм нь COVID-19-ийн эсрэг mRNA вакцины технологитой нэг талаараа төстэй боловч зорилго нь арай өөр. Тодруулбал, халдварын эсрэг вакцин вирусын тодорхой хэсгийг дархлааны системд таниулдаг бол V940 нь тухайн хүний хавдрын өвөрмөц шинжийг дархлааны системд танилцуулж байна гэсэн үг.

Өөрөөр хэлбэл оношилгоогоор харагдахгүй хэмжээний цөөн хавдрын эс бие махбодод үлдсэн байх боломжтой. Тэдгээр эсүүд тухайн үед илрээгүй ч хожим үржиж, хавдар дахин үүсэх эсвэл биеийн өөр эрхтэнд тархах шалтгаан болж болно. Тиймээс өндөр эрсдэлтэй хавдрын үед мэс заслын дараах эмчилгээний нэг чухал зорилго нь: Биед үлдэж болзошгүй хавдрын эсүүдийг устгах, дахилтаас сэргийлэх явдал юм. V940 вакцтны гол зорилго үүнд төвлөрдөг аж. Харин V940-ийг Keytruda-тай хослуулж байгаа нь мөн учиртай. Keytruda буюу pembrolizumab нь PD-1 хэмээх дархлааны “тоормос”-ын нэгийг хааж, Т эсүүдийн хавдрын эсрэг үйл ажиллагааг дэмждэг дархлааны эмчилгээ. Харин V940 нь дархлааны системд “юуг устгах вэ?” гэсэн мэдээллийг өгөхөд чиглэнэ.

Энгийнээр зүйрлэвэл, V940 нь байг зааж өгч, Keytruda нь дархлааны системийн тоормосыг сулруулдаг гэж ойлгож болно. INTerpath-001 судалгаанд энэ хослолыг Keytruda-г дангаар нь хэрэглэсэн бүлэгтэй харьцуулсан бөгөөд V940 + pembrolizumab хослол нь дахилтгүй амьдрах хугацаа болон алс эрхтэнд үсэрхийлэлгүй байх  хугацааны үндсэн үзүүлэлтүүдэд давуу үр дүн үзүүлсэн гэж ойлгож болно. 

-V940-ИЙН ТЕХНОЛОГИЙГ БУСАД ХАВДАРТ ТУРШИХ КЛИНИК СУДАЛГААНУУД ҮРГЭЛЖИЛЖ БАЙГАА ЮМ-

V940-ийн үр дүнг зөвхөн меланомын хүрээнд харахгүй байх шалтгаан бас бий. Меланома нь генетикийн олон өөрчлөлттэй бөгөөд дархлааны систем таних боломжтой неоантиген харьцангуй олон байдаг тул хувь хүнд тохирсон хавдрын вакцины судалгааны чухал талбар болж ирсэн. Гэхдээ меланомд гарсан үр дүнг уушги, нойр булчирхай, бөөр зэрэг бусад бүх төрлийн хавдарт шууд хамааруулж болохгүй. Үүний зэрэгцээ V940-ийн технологийг бусад хавдарт турших клиник судалгаанууд үргэлжилж байгаа юм. А

НУ-ын ХСҮХ-ийн мэдээллээр V940-ийг жижиг бус эст уушгины хавдар, давсагны хавдар, меланом болон бусад өвчний үед судалж буй хэд хэдэн туршилт одоогоор бүртгэлтэй байна. 

Энэ нь V940-ийг зөвхөн нэг эм бус, өвчтөн бүрийн хавдрын генетикийн мэдээлэлд тулгуурлан өөр өөр хавдарт тохируулж ашиглах боломжтой эмчилгээний платформ гэж харах боломжийг бий болгож байгаа юм. Гэхдээ үүнийг бодит эмчилгээ болгоход өөр нэг том асуудал гарч ирнэ.

Тодруулбал, өвчтөн бүрийн хавдар өөр учраас эхлээд эдийн сорьц авч генетикийн шинжилгээ хийх, тохирох неоантигенүүдийг тодорхойлох, дараа нь тухайн хүнд зориулсан бүтээгдэхүүн боловсруулах шаардлагатай байна.

Цаашдын судалгаагаар энэ үр дүнгээс хамаарч урт хугацаанд хадгалагдах эсэх, өвчтөнүүдийн нийт амьд үлдэх хугацаанд хэрхэн нөлөөлөх, бусад төрлийн хавдарт мөн адил үр дүн гарах эсэх, хамгийн гол нь аль нэг хавдартай хүнд тохирсон эмчилгээг олон өвчтөнд хурдан бөгөөд боломжийн зардлаар хүргэх боломжтой эсэх нь тодорхой болно гэсэн үг.

Эх сурвалж: Merk.com, Cancer.gov




Өнөөдөр могой өдөр

1 хоногийн өмнө