Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдахаар товлоод байна. Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь АН-ын бүлэг хуралдсан бол энэ удаад намын дотоод зохион байгуулалт, цаашдын үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг Үндэсний бодлогын хорооны хурлаар хэлэлцэхээр болжээ.
"АН ГИШҮҮДИЙНХЭЭ ЖИЛИЙН ИДЭВХИЙГ 100 ОНООГООР ҮНЭЛНЭ"
Тодруулбал, хурлаар АН-ын дарга О.Цогтгэрэл өнгөрсөн пүрэв гарагт танилцуулсан “Үндэсний хөдөлгөөн”-өө намын гишүүдэд танилцуулахын зэрэгцээ “Ардчилсан намын сонгуульт гишүүний үнэлгээний онооны тухай журам”-ын төслийг хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. Уг журмын төсөлд намын гишүүдийн оролцоо, идэвхийг тодорхой шалгуураар үнэлж, цаашид намын удирдах албан тушаалд сонгох болон сонгуульд нэр дэвшүүлэх үйл явцад уг үнэлгээг харгалзахаар тусгасан байна. Өөрөөр хэлбэл, гишүүн намынхаа үйл ажиллагаанд хэр оролцдог, сонгуулийн ажилд ямар үүрэг гүйцэтгэдэг, татвар хураамжаа хугацаанд нь төлдөг эсэх, цахим орчин дахь оролцоо зэрэг нь тодорхой оноогоор үнэлэгдэхээр болж байна.
"СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧ 100 ОНОО ЦУГЛУУЛАХ ШААРДЛАГАТАЙ"
Журмын төсөлд гишүүний жилийн үйл ажиллагааг 100 оноогоор үнэлж, жил бүр дүгнэхээр тусгажээ. Үнэлгээг цахим системээр бүртгэж, холбогдох нотлох баримтаар баталгаажуулах аж. Одоогоор танилцуулсан төслөөр гишүүдийн оноог хэд хэдэн үндсэн үзүүлэлтээр тооцохоор байна. Тухайлбал,
- Намын байгууллагын үйл ажиллагаанд оролцсон байдал – 15 оноо
- Сонгуулийн ажилд оролцсон байдал – 20 оноо
- Жилийн татвар, хураамжаа хугацаанд нь бүрэн төлсөн байдал – 5 оноо
- Сошиал болон цахим оролцоо – 10 оноо
Мөн намд хандив өгсөн байдлыг тусгайлан үнэлэхээр төлөвлөжээ. Төслийн дагуу нэг сая төгрөгөөс дээш хандив өгсөн тохиолдолд нэг оноо, хоёр саяас дээш бол хоёр, гурван саяас дээш бол гурав, дөрвөн саяас дээш бол дөрөв, таван саяас дээш хандив өгсөн бол таван оноо авах зохицуулалт тусгасан байна. Ингэснээр гишүүний тухайн жилийн намын үйл ажиллагаанд оролцсон байдал, сонгуулийн ажил, татвар хураамж, цахим оролцоо зэрэг үзүүлэлтийг нэгтгэн үнэлж, жилийн эцэст нийт оноог гаргахаар болж байгаа юм.
"90-100 ОНОО АВСАН ГИШҮҮН “АЛТАН ГЭРЭГЭ” ЭЗЭМШИНЭ"
Гишүүдийн жилийн үнэлгээг зөвхөн оноогоор тогтоохгүй, авсан онооны хэмжээнээс хамаарч “Гэрэгэ”-гийн ангилалд оруулахаар төсөлд тусгажээ.Тухайлбал,
90–100 оноо авсан гишүүн Алтан Гэрэгэ,
80–89 оноо авсан нь Мөнгөн Гэрэгэ,
70–79 оноо авсан нь Хүрэл Гэрэгэ,
60–69 оноо авсан нь Зэс Гэрэгэ эзэмшихээр ангилсан байна. Харин уг үнэлгээ нь зөвхөн тухайн гишүүний жилийн идэвх, оролцоог дүгнэх хүрээнд хязгаарлагдахгүй. Цаашид намын дотоод сонгууль болон сонгуульд нэр дэвшүүлэх үйл явцад ашиглахаар төлөвлөж байгаа нь журмын төслийн анхаарал татах хэсэг юм. Өөрөөр хэлбэл, сонгууль ойртох үед богино хугацаанд идэвхжихээс илүүтэй намын гишүүн жилийн турш ямар үйл ажиллагаанд оролцсон, ямар хувь нэмэр оруулсан бэ гэдгийг бүртгэж, үнэлэх тогтолцоо бий болгохоор зорьж байгаа гэнэ.
"ҮБХ-ЫН ГИШҮҮДИЙН САНАЛААР ЖУРАМ ЭЦЭСЛЭГДЭНЭ"
Ирэх хоёр жилд Монголын улс төрийн хүрээнд чухал сонгуулиуд хүлээгдэж байгаа энэ үед намуудын хувьд нэр дэвшигчдээ ямар шалгуураар сонгох нь анхаарал татах асуудлын нэг болж байна. АН-ын хувьд дээрх журмыг хэрэгжүүлснээр гишүүдийн жилийн туршийн үйл ажиллагааг тоон үзүүлэлтээр үнэлж, цаашид нэр дэвшүүлэх үйл явцад ашиглах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа бололтой. Гэхдээ одоогоор энэ нь эцэслэн батлагдсан журам бус, Үндэсний бодлогын хорооны гишүүдэд танилцуулж, саналыг нь авахаар боловсруулсан төсөл юм. Тиймээс өнөөдрийн хурлаар гишүүдээс ямар санал гарах, үнэлгээний шалгуур болон онооны аргачлалд өөрчлөлт орох эсэх нь тодорхой болно.