НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох гэр бүлийн хүчирхийлэл болон бусдыг хууль бусаар мөрдөн мөшгөсөн гэх хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2026.08.24/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд товлогджээ.
Түүнийг эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх мэдээлэл өнгөрсөн оны аравдугаар сард олон нийтэд хүрсэн. Үүний дараа хуулийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж, Б.Эрдэнэсүхийг яллагдагчаар татсан. Прокуророос Б.Эрдэнэсүхийг Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 2.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, 13.12 дугаар зүйлийн 1-д заасан хууль бусаар мөрдөж мөшгих, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдсэн байна. Хэргийг өмнө нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэн нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан бөгөөд дахин шүүхэд шилжүүлсэн байна. Улмаар гэм буруугийн шүүх хурлыг наймдугаар сарын 24-нд хийхээр товлосон юм. Шүүх хуралдаанаар яллагдагчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэж, улмаар шүүхээс гаргасан шийдвэрийг бид эргэн мэдээлнэ.