ТУСГААРЛАГДСАН ИРГЭН: Тусгаарлалтанд байгаа иргэдийн 26 литр  хоолыг эмч нар замаас нь авсан болж таарсан

ТУСГААРЛАГДСАН ИРГЭН: Тусгаарлалтанд байгаа иргэдийн 26 литр  хоолыг эмч нар замаас нь авсан болж таарсан

Манай улсад одоогоор гадаадаас эх орондоо ирсэн гурван мянга гаруй иргэд тусгаарлалтанд байгаа билээ. Тэднийг Улаанбаатар хотын эмнэлэг, зочид буудлуудад хуваан тусгаарласан бөгөөд иргэн бүрийн тусгаарлалтын нөхцөл байдал өөр өөр байгаа юм. Ихэнх иргэдийн хувьд байрлаж буй зочид буудал нь бохир, хоол хүнсний хувьд чанар муутай, цонх, хаалгаа нээж, агаар салхи оруулах боломжгүй учраас өвчтэй, өндөр настай, нялх хүүхдүүдийн биеийн байдал улам дордсоор байгаа гэсэн шүүмжлэлийг дагуулсаар байгаа билээ.

Харин цөөн иргэн л тусгаарлагдаж буй газрынхаа хоол хүнс, орчин нөхцөлд сэтгэл хангалуун харагдаж байв. Гадаадаас ирсэн иргэдийн хувьд олон сараар харь оронд гацаж, санхүүгийн тогтворгүй байдалд орсон хэдий ч  эх орондоо, хайртай хүмүүсдээ буцахын тулд хоёр талын өндөр өртөг төлөн, ирээд 21 хоногийн тусгаарлалтанд ч чамгүй зардал гаргаж байгаа нь худал биш. Гэтэл зочид буудлууд чанар муутай хоол, бохир орчинтой угтаж түүнийгээ “тусгаарлалтын өдрийн 50 мянга хангалтгүй байна, 120-130 мянган төгрөгний төсөв гаргаж байж бид үйл ажиллагаагаа хэвийн хэмжээнд явуулна” гэсэн мэдээллийг хийгээд сууж байгаа. Харин түүний цаана тусгаарлагдаж буй иргэд хоосон ходоодтой хоног өдрийг өнгөрүүлж буй нь нууц биш.

-ТУСГААРЛАЛТЫН БАЙРАНД БУЙ АЖИЛЛАЖ БУЙ ЭМЧ НАР 13 ЛИТРИЙН 2 ХАЛУУН
САВ ХООЛЫГ ЗАМААС НЬ АВСАН БАЙНА. УДИРДЛАГУУД ШАЛГАЛТ ХИЙЖ
ХООСОН ХАЛУУН САВЫГ ОЛЖ АВСАН-

Үүний нэг жишээ нь энэ сарын 21-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийн хоол, хүнсний асуудал. Тэд баруун дөрвөн замд байрлах “Тоёоко Инн” зочид буудалд тусгаарлагдсан.  Буудлын орчин нөхцөлийн хувьд тухтай сайхан байгаа ч хоолны хувьд хүртээмжгүй муу байгаа талаар иргэд шүүмжилсээр байна. Тус буудалд тусгаарлагдаж буй нэгэн иргэн “Өдрийн хоол заримд нь хүрээгүй,  хаанаас эхлэж тарааж байгаагаасаа шалтгаалаад нэлээд хүмүүст дутсан, за яахав гэсэн орой бас ахиад тийм зүйл болсон. Бид чинь 2 хоногийн турш хоол идээгүй байсан хүмүүс. За тэгээд ирсэн юм чинь өгснийг нь дуугай идэхгүй бол ахиад л “бөөн юм болж ирчихээд, дээрээс нь залуу хүн байж өл дааж чадахгүй” гээд заримд нь адлагдана гэж бодоод байж байсан.

Тэгсэн миний хажуу өрөөний 2 зээтэйгээ ирсэн эмээ гээд гурван хүний дунд нэг л хоол өгсөн. Тэгээд залгаад хэлтэл “Уучлаарай, манайх хоол гаргахгүй, ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ газраас хоол мэднэ , цаанаас нь 6 хүний хоолыг 27 хүнд тарааж өг гэсэн юмаа” гэж хэлсэн. Тэгээд ШШГЕШ-ын  даргатай холбогдож асуухад,  13 литрийн 2 халуун сав хоолыг бидэнд үйлчилж буй эмч нар замаас нь тууснаас болж тусгаарлалтад байгаа зарим иргэдэд хоол хүрээгүй болж таарлаа. Пост оруулж байж удирдлагууд мэдэж, шалгалт хийж хоосон 2 халуун саваа олжээ. Үүнээс болж дөрвөн давхарын бүх хүмүүс хоол идэж чадаагүй. Хоолны хэрүүл муухай ч үүнийг авах гээхийн ухаанаар хандана биз дээ” хэмээн өөрийн нүүр хуудсандээ мэдээлжээ.

-ТУСГААРЛАЛТАНД АЖИЛЛАЖ БУЙ ЭМЧ НАРЫН ХООЛНЫ
ЗАРДАЛ ХЭД БАЙДАГ ВЭ-

Энэхүү асуудлаас “Өнгөрсөн хугацаанд ажиллаж байгаа эмч нарын хоолны зардлыг хэр бодитой, шударга шийдэж ажилласан бэ? Ирсэн хүмүүсийн төлсөн төлбөр, хандив тусламж, нөөц сангийн хөрөнгө зөв зүйлдээ зарцуулагдаж байна уу? гэсэн асуулт урган гарч ирж буй.

Халдвар гарч эхэлснээс УОК-т  иргэд, ААН, байгууллагуудын зүгээс 7.1 тэрбум төгрөгийн хандив цугласнаас 3.5 тэрбум орчим нь бэлэн мөнгө байжээ. Одоогоор энэхүү хандивын мөнгөнөөс 957 сая төгрөгийн үлдэгдэл байгааг ОБЕГ мэдээлсэн. Харин үүнээс 100 гаруй сая төгрөгийг “Улсын онцгой комиссын Шуурхай штабт болон тусгаарлах байранд ажиллаж байгаа албан хаагчдыг хувийн хамгаалах хэрэгслээр хангах, дархлааг дэмжигч чацарганы тос худалдан авах”-д зарцуулжээ.