Тайландаас ирэх ёстой биеийн байдал хүндэвтэр, 76 настай иргэн тусгай нислэгт багтсангүй

Тайландаас ирэх ёстой биеийн байдал хүндэвтэр, 76 настай иргэн тусгай нислэгт багтсангүй

УОК-ын Шуурхай штабаас өчигдөр ээлжит тусгай үүргийн нислэгийн талаар мэдээлсэн. Зургаадугаар сард нийт 8 тусгай нислэг үйлдэнэ гэж хэлж байсан. Иргэдийн хүсэлтийн дагуу зургадугаар сарын 20-ны өдөр Зүүн Өмнөд Азид байгаа монгол иргэдээ татаж авахаар болсон билээ. 

Гэвч уг нислэгт багтсан хүмүүсийн дотор даралт харвасан, биеийн байдал хүндэвтэр 76 настай иргэн багтаагүй аж. 

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн Монгол буцах хүсэлтээ удаа дараа гаргасан өндөр настан тус улсын цаг агаарын байдлаас шалтгаалан цус харваж одоогоор бүрэн асаргаанд орсон юм. Түүний цорын ганц асран хамгаалагч Г.Уянга хүнд байдалд байгаа талаараа бидэнд хандаж байсан билээ.

Нислэгт багтаж чадаагүй талаар тэрбээр " Нислэгт багтаагүйг сонсоод шоконд ороод байж байна. Энэ удаад хүүхэд дээрээ байгаа настай хүмүүсийг орхиж, орох оронгүй залуучуудыг голдуу авсан гэж тайлбарласан. Гэвч нислэгт 65, 71 насны 2 өөр настай хүн орсон байна лээ... Үнэхээр гомдолтой байна. Ээжийн минь бие харьцангуй дээрдэж байгаа" гэлээ.