СУРВАЛЖИЛГА: Ирэх сараас зорчигч тээвэрлэх давхар автобустай танилцлаа

СУРВАЛЖИЛГА: Ирэх сараас зорчигч тээвэрлэх давхар автобустай танилцлаа

Улаанбаатар хотын нийтийн тээвэрт хоёр давхар цахилгаан автобусыг энэ сараас эхлэх талаар Нийслэлийн ЗДТГ-аас мэдээлсэн. Уг автобусаар өнгөрсөн ням гарагт хотын Захирагч С.Амарсайхан зорчиж давхар автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд 7 сард багтаан хэрэгжүүлнэ гэж мэдэгдэгсэн юм.

Эхний ээлжид ийм давхар эко автобус 10 ширхэг, энгийн цахилгаан автобус 36 ширхэг, нийт 46 ширхэг цахилгаан автобус, 15 ширхэг цэнэглэх төхөөрөмж, дөрвөн ширхэг эрчим хүчний дэд станц худалдан авч, парк шинэчлэлт хийхээр бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Эдгээр автобусны төлбөрийн хувьд улс, нийслэлийн төсөвт дарамт учруулахгүйгээр одоо нэг нийтийн тээвэрт гарч байгаа зардлыг 90 хувь хэмнэх байдлаар өөрийн төлбөрөө өөрөө олох боломжтой нь давуу аж.

-ДАВХАР АВТОБУС ХАМГИЙН ЭХЭНД Ч:1 ЧИГЛЭЛД ЗОРЧИНО-

“Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмон хэлэхдээ “Туршилтад явуулахаар оруулж ирсэн автобус маань дугаар авах, тусгай төхөөрөмжүүдээр тоноглох, мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт зэрэг ажил хийгдсэний дараачаар хүн тээвэрлэж туршилтад явна. Цахим орчинд тархсан зураг бол өнгөрсөн ням гарагт машрутын дагуу явахад хүндрэл бэрхшээл байгаа эсэхийг шалгаж 300км гаруй замд явсан. Урьдчилсан байдлаар бэрхшээл тулгараагүй. Эхний ээлжинд Ч:1 чиглэл буюу Офицеруудын ордоноос Таван шар хүртэл явна. Ямартай ч энэ долоо хоногтоо туршилтаар явуулна гэж төлөвлөж байна” гэсэн мэдээллийг өглөө.

-70 ХҮНИЙ СУУДАЛТАЙ АВТОБУС ГУРВААС БАГА ЦАГТ
БҮРЭН ЦЭНЭГЛЭГДДЭГ-

Бид Улаанбаатар хотод орж ирээд ердөө хоёр хонож буй давхар цахилгаан автобусыг уншигчиддаа танилцуулахаар фото сурвалжлага бэлтгэлээ. Энэ үеэр “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын ажилтан, зогсоолын тэрэг тавигч Д.Отгонбаатраас зарим зүйлсийг тодрууллаа.  “Ойролцоогоор жилийн өмнө яг ийм төрлийн давхар биш нэг эко автобус авчирж туршилтад явуулсан. Ерөнхий бүтэц нь ижил болохоор жолоочдод нэг их бэрхшээл тулгарахгүй байх. Автобус нь дотроо хяналтын камертай. Жилийн дөрвөн улиралд иргэдэд үйлчлэх боломжтой, зундаа сэрүүцүүлэгчтэй, өвөлдөө халаагууртай, батерейтай юм. Цэнэглэгддэг учраас түлшнээс илүү хямд тусна. Гурван цаг болон түүнээс бага хугацаанд бүрэн цэнэгээ авдаг, нэг цэнэглэлтээрээ хоёр өдрийн рейст гарах боломжтой буюу 400 км явах хүчин чадалтай. Хоёр давхар автобусны тухайд нийт 70 хүний суудалтай. Цэвэрхэн тухтай учраас цаашдаа бүх нийтийн тээврээ ийм болгочихвол сайхан байна” гэсэн юм.