УБЕГ-ын гаражийн хананд даруулсан залуусын биеийн байдал хүнд байна

УБЕГ-ын гаражийн хананд даруулсан залуусын биеийн байдал хүнд байна

Өчигдөр 09:00 цагийн үед “Арьс өнгөний эмнэлгийн урд барилга нурж, хүн дарагдлаа” гэсэн дуудлага мэдээлэл Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст ирсэн байна. Энэ мэдээллийн дагуу цагдаагийн шуурхай бүрэлдэхүүн газар дээр нь очиж үзлэг, шалгалт явуулжээ.

-ДӨРВӨН ХҮН НУРАНГИД ДАРАГДСАНЫ УЛМААС НЭГ НЬ
АМИА АЛДАЖ, ХОЁР НЬ ГССҮТ-Д ХҮРГЭГДЖЭЭ-

Хэргийн газар очиход УБЕГ-ын Архивын үйлчилгээний цогцолборын гаражийн баруун хана нурсан байдалтай байжээ. Гараж дээр нийт дөрвөн хүн ажиллаж байснаас иргэн Э амжиж гарсан бол үлдсэн гурван хүн нурангид даруулсан байна. Онцгой байдлын аврах 105-р ангийн албан хаагчид 31 настай, эрэгтэй Б, 39 настай эрэгтэй Ч нарыг нурангиас гаргаж Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү авч явсан байна. Харин 51 настай, эрэгтэй нурангид дарагдсан харамсалтай хэрэг гарчээ.  Үлдсэн нэг иргэнийг аврах ажиллагаа явагдсаар байгаа юм.

Уг барилга дээр нийт 66 хүн ажиллаж байснаас нуралт үүссэн гараж дээр дөрвөн хүн ажиллаж байжээ.

-БАРИЛГЫН АЖЛЫГ “ХОС БАР” ХХК ГҮЙЦЭТГЭЖ БАЙЖЭЭ-

Уг барилгын ажил нь УБЕГ-ын захиалгаар “Хос бар” ХХК-ийн  хийж гүйцэтгэж байсан ажил аж. Тодруулбал, УБЕГ-ын өргөтгөлийн барилгыг нураах ажлыг хийж гүйцэтгэж байсан байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбат “Барилгын ажил хөдөлмөрийн аюулгүй байдлын хүрээнд явагдаж байсан уу, үгүй юу гэдгийг Цагдаагийн байгууллагын үзлэг, шинжилгээгээр тогтооно. Эрсдэлийн үнэлгээг хийж, хяналт шалгалт тогтоох ажил дараа дараагийн шатанд хийгдээд явна” гэж мэдээллээ.

-УРИН ДУЛААН ЦАГ ИРЖ,  БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН АЖИЛ
ЭХЭЛСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН СОНОР СЭРЭМЖТЭЙ
БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА-

Урин дулаан цаг ирж, барилга байгууламжийн ажил эхэлсэнтэй холбогдуулан иргэд  гэмтэж, бэртэх тохиолдол ихээр гарч байна. Тиймээс иргэд болон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахдаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд сахиж, сонор сэрэмжтэй ажиллахыг ЦЕГ болон ОБЕГ-аас анхааруулж байгаа юм.

Сүүлийн таван жилд нийслэлд нийт 1033 үйлдвэрлэлийн осол гарсны 26.3 хувь буюу 272 осол нь барилгын салбарт гарсан байна. Эдгээр ослын улмаас 109 хүн нас барж, 98 хүн хүндээр бэртэж, гэмтжээ. Ийнхүү барилгын салбарт гарч буй ослын улмаас бэртэж гэмтсэн ажилтан тахир дутуу болох цаашлаад амь насаараа хохирох явдал түгээмэл байгаа нь барилгын үйлдвэрлэл явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй /ХАБЭА/-н хууль, дүрэм, заавар, стандартыг чанд мөрдөж ажилладаггүйтэй холбоотой.