АНУ болон Япон дахь Монголчууд жагсаал хийхээр болжээ

АНУ болон Япон дахь Монголчууд жагсаал хийхээр болжээ

АНУ-д буй Монголчууд амиа алдаж эхэлснээс гадна тус улсад халдвартай хүний тоо хоёр саяд хүрсэн учир АНУ-д гацсан монгол иргэд Нью-Йорк болон Вашингтон хотод тайван жагсаал хийж, эсэргүүцлийн пайз барин алхахаар төлөвлөж байна. Тэд НҮБ-аас тусламж хүсэн, эх орондоо яаралтай буцах хэрэгтэй байгаагаа мэдэгдэж байна.

АНУ-аас гадна Япон дахь монголчууд эсэргүүцлийн жагсаал хийж, эх орондоо буцах хүсэлтээ илэрхийлэн ирэх даваа гарагт жагсахаар болжээ. Жагсаалд хамгийн багадаа 100 гаруй иргэдийг уриалах бөгөөд гадны иргэд болоод нийт массын анхаарлыг татах зорилгын хүрээнд хар өнгийн хувцас цагаан маск зүүх аж.  Жагсаал  зургадугаар сарын 18-ны 11 цагт Шибуяа сташион Хачико хөшөөний урд эхлэх юм.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-д гэр бүлээрээ амьдарч байсан Монгол Улсын иргэн Ц.Гантөмөр COVID-19 вирусийн улмаас амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ нь тус улсад монгол хүн вирусийн улмаас амиа алдсан хоёр дахь тохиолдол юм. Талийгаачийн эхнэр, хүүхэд вирусийн халдвар авсан бөгөөд яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа аж. Талийгаачийн оршуулах зардалд шаардлагатай 17 мянган ам.долларыг монголчуудын хандиваар бүрдүүлсэн бөгөөд 591 хүн хандивын аянд нэгдэж, 10 мянган ам.доллар хандивлажээ. Мөн БНСУ-д буй иргэд өнгөрсөн сард жагсаал хийсэн бөгөөд тэнд бас нэгэн монгол залуу амиа алдсан юм.