СУРВАЛЖИЛГА: Э.Бат-Үүлийн үед ад үзэгдэж байсан рейлбус өнөөдөр аминд орж байна

СУРВАЛЖИЛГА: Э.Бат-Үүлийн үед ад үзэгдэж байсан рейлбус өнөөдөр аминд орж байна

2014 онд Нийслэлийн нийтийн тээвэрт нэгэн шинэ үйлчилгээ нэвтэрсэн нь төмөр замын автобус болох рэйлбус юм. Толгойт Амгалангийн чиглэлд явж эхэлсэн рейлбус замын түгжрэлтэй үед хотын нэг захаас нөгөөд хүргэх хамгийн түргэн шуурхай бөгөөд тохь тухтай унаа аж. Гэсэн ч хангалттай зорчигч байхгүйн дээр өндөр өртгөөр оруулж ирсэн рейлбус алдагдалтай ажиллаж байна гэж нэлээд шүүмжлэлийг хүлээгээд байсан юм.

Тухайн үед 1.8 сая төгрөгийн орлоготой, 28 сая төгрөгийн алдагдалтай ажилласан тухай Улаанбаатар төмөр замын удирдлагууд тухайн үеийн нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд тайлагнасан байдаг. Ийнхүү алдагдал хүлээсэнд тэр үеийн хотын даргыг хүмүүс ихээхэн шүүмжилж байсан ч одоо энэ унаа аминд орж байна.

Хоёр жилийн өмнөөс Улаанбаатар Дархан хот хооронд рейлбус явах болсон нь оновчтой шийдвэр болсон аж. Галт тэрэгний хувиар өглөө байдаггүйгээс өдөртөө энэ чиглэлд зорчих хүсэлтэй хүмүүст рейлбус хэрэг болж байна. Бид рейлбусны үйл ажиллагааг сурвалжлахаар УБТЗ-ын өртөөг зорилоо.

Дарханы замд эд, хөрөнгө, амь насаараа хохирох иргэдийн тоо нэмэгдсээр байгаа. Тиймээс тус замаар зорчих бус рейлбусаар явах нь иргэдийн хувьд хамгийн найдвартай сонголт болоод байгаа юм. 

-ТАСАЛБАР ӨГЛӨӨ 8 .00 ЦАГТ ЗАРАГДАЖ ЭХЛЭЭД
ХУРДАН ДУУСДАГ-

Биднийг очих үед тасалбар худалдаалах цэг дээр хүмүүс дугаарлан зогсох аж. Өглөө 8.00 цагаас эхлэн тасалбар худалдаалагдаж эхэлдэг байна. Иргэд эндээс тасалбараа аваад шууд рейлбустаа суугаад явдаг аж.

УБТЗ-ын ажилтан, тасалбарын ахлах нярав Л.Энхмаа

Бид УБТЗ-ын ажилтан, тасалбарын ахлах нярав Л.Энхмаагаас ачаалал болон рейлбусны тасалбарын талаар тодруулахад “Дарханы чиглэлд хоёр дахь жилдээ явж байна. Ачаалал ер нь тогтмол их байдаг. Өдөр бүр бүх тасалбар зарагдаж дуусдаг. Тухайн өглөөний 8.00 цагт цахимаар захиалга нээгддэг. Нэг талдаа явах тасалбарын үнэ том хүн 14600 төгрөг, хүүхэд 7600 төгрөгөөр зарагддаг. Ганцхан рейлбус галт тэрэг байгаа тэр нь өглөө яваад эргээд орой 19 цагт Улаанбаатарт ирж байгаа болохоор дахиж хувиар нэмэгдүүлэх боломжгүй. Өмнө Амгалан Толгойт чиглэлд явахад ийм ачаалалтай байгаагүй. Одоо өглөө Улаанбаатараас 9 цагт хөдөлж 13:30-д Дарханд очоод 30 минутын дараа эргэж хот руу хөдөлдөг. Мягмар гарагаас бусад бүх өдөр үйлчилгээнд явж байгаа. Өвлийн улиралд ч үйлчилгээ үзүүлэх боломжтой. Хурдан явдаг болохоор үйлчлүүлэгчид энэ галт тэргийг их сонгодог” гэв.

-ТУХТАЙ ТЭЭВРЭЭР ЗОРЧИЖ БУЙ ИРГЭД СЭТГЭГДЭЛ
ӨНДӨР БАЙНА-

8:45 цаг орчим Дархан руу хөдлөх рейлбус зам дээр ирлээ. Иргэд яг л чиглэлийн автобусанд суухдаа дайрдаг шиг хаалга руу шахан нэг нэгнээсээ урьтаж суухаар шахалдана. Тасалбар шалгагч, цагдаагийн албан хаагчийн хамт иргэдийг түргэн шуурхай оруулж байв. Суудал нь дундаа жижигхэн ширээтэй, дээрээ ачаа, бараагаа хийх тавиуртай тохь тухтай юм.

Бид нэгэн өндөр настнаас рейлбусаар зорчиж буй сэтгэгдлийг нь асууж сонирхоход “Энэ унаагаар хоёр дахь удаагаа зорчиж байна. Тухтай, хурдан явдаг болохоор ядралгүй хүрч очдог. Тогтмол явдаггүй болохоор үнэ өртөг ч боломжийн санагддаг. Жирийн галт тэрэгний үнээс илүү ч гэсэн замд явдаг такситай ижил үнэтэй юм. Одоо Дарханы зам аймшигтай болчихсон үед л ёстой жинхэнэ хэрэг болж байна даа” гэв.

Цааш явж рейлбусны байнгын үйлчлүүлэгч ээж охин хоёроос асуухад “Одоо зам эвдрэлтэй байгаа үед энэ их хэрэг болж байна. Тав тухтай, цэвэрхэн, шороо тоосонд дарагдаж зовохгүй явж хүрнэ. Цахилгаан учраас янз бүрийн үнэргүй. Өдрийн цагаар явах боломжтой учраас үйлчлүүлэхдээ сэтгэгдэл өндөр байдаг.

-ТАСАЛБАР АВЧ ЧАДААГҮЙ ХҮМҮҮС ЗОГСООД ЯВЧИХЪЯ 
ГЭХ ТОХИОЛДОЛ ГАРДАГ-

Зорчигчидтой хөөрөлдөж галт тэрэг хөдлөхөөс хэдхэн хормын өмнө бууж тасалбар шалгагчаас тодруулга авахаар буулаа. Өглөө тасалбар авч чадаагүй нэгэн иргэн зогсоод явчихъя оруулаач гэж гуйна. 

УБТЗ-ын ажилтан, Вагоны үйлчлэгч Э.Алтанчимэг

УБТЗ-ын ажилтан, Вагоны үйлчлэгч Э.Алтанчимэг “Нэг удаагийн тээвэрлэлтээр 131 хүн авч явдаг. Дүүргэлттэй явж байна. Зорчигчид үйлчилгээний соёлтой, сэтгэл хангалуун үйлчлүүлж байгаа. Ачаалал ихтэй үед зарим тасалбар авч амжаагүй хүмүүс зогсоод явчихъя гэх мэт зүйлс хэлдэг. Гэхдээ түүнийг таслан зогсоосон. Өөр хүндрэл бэрхшээл тулгардаггүй” гэсэн юм.

Ийнхүү галт тэрэг хөдлөх цаг боллоо. Өмнө нь зорчигчгүйн улмаас алдагдал хүлээж, татан буулгахдаа тулаад байсан рейлбус одоо ачааллаа дийлэхгүй явна. Дархны зам там болсон энэ үед өдөртөө Дархан орох цорын ганц аюулгүй унаа рейлбус болоод байна. Үйлчлүүлж байгаа иргэд ч ам сайтай байсан юм.