ЗОРЧИГЧ ТЭЭВЭР ГУРАВ : Хоёр давхар автобус Улаанбаатарт ирээгүй

ЗОРЧИГЧ ТЭЭВЭР ГУРАВ : Хоёр давхар автобус Улаанбаатарт ирээгүй

Энэ оны нэгдүгээр сард агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас “Эко” цахилгаан автобусыг өнөөдрөөс хотын төвийн чиглэлүүдэд туршилтаар явуулж эхэлсэн. Тэгвэл өчигдөр Улаанбаатар хотод удалгүй явж эхлэх хоёр давхар цахилгаан автобусны зураг цахим орчинд тархаж, олны анхаарлын төвд орсон. Дэлхийн томоохон хотуудад ашиглагддаг байгальд ээлтэй цахилгаан автобус нь манай улсын хувьд хэр тохиромжтой талаар хүмүүс ихэд сонирхож байсан юм.

-ЦАХИЛГААН АВТОБУСНУУД ХАРААХАН ИРЭЭГҮЙ БАЙНА-

Бид уншигчиддаа зориулан удалгүй үйлчилгээнд гарах хоёр давхар автобустай танилцах зорилгоор “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-т очсон боловч тус байгууллагын менежер автобуснууд хараахан ирээгүй байгаа талаар мэдэгдсэн юм. Коронавирусийн цар тахлаас шалтгаалан ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэж байгаа учраас Замын-үүдийн боомтоор орж ирэх тал дээр бага зэрэг удаашрал үүссэн аж. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх гэж буй давхар болон энгийн цахилгаан автобус хэзээнээс ашиглалтад орох, давуу тал болон аюулгүй байдлын талаар “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмонгоос тодрууллаа.

-НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС БОРЛУУЛАГЧ ТОП 10 КОМПАНИЙН
НАЙМ НЬ ХЯТАДЫНХ-

Нийт хэдэн цахилгаан автобус, хаанаас оруулж ирж байгаа вэ?

Хоёр давхар цахилгаан автобус 10 ширхэг, энгийн цахилгаан автобус 36 ширхэг, нийт  46 ширхэг цахилгаан  автобус, 15 ширхэг цэнэглэх төхөөрөмж, 4 ширхэг эрчим хүчний дэд станц худалдан авч, техникийн парк шинэчлэлт хийхээр бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна. Бүгдээрээ БНХАУ-д үйлдвэрлэсэн, 100 хувь цахилгаан автобус. Дэлхий дахинд нийтийн тээврийн автобус борлуулагч топ арван компанийн найм нь Хятадын компани байна. Бид евро стандартын шаардлага хангасан автобус захиалан авч байгаа.

Автобусны хүчин чадал, хэрэглээний талаар сонирхуулаач?

Өмнө нь оруулж ирэээд туршилтад явж байгаа цахилгаан автобус нэг удаагийн цэнэгээрээ 06:00-23:00 цаг хүртэл тасралтгүй явж байгаа. Давхар автобус ч бас нэг цэнэглэлтээр түүнтэй адил хугацаанд үйлчилгээ үзүүлнэ. Хоёр давхар автобусны хувьд 70 хүний багтаамжтай, 4.2 метр өндөртэй. Энэ нь одоо үйлчилгээнд явж байгаа автобуснуудаас 1.14 метрээр өндөр гэсэн үг.

Улаанбаатар хотын төв замаар байрладаг троллейбусны шугам нь 5.6 метрээс дээш өндөрт байдаг учир хоёр давхар автобусыг троллейбус газруудаар ч үйлчилгээнд явуулах бүрэн боломжтой.

Үнэ өртөгийн хувьд нэг автобус хэдэн төгрөг вэ?

Давхар автобусны нэг бүрийнх нь үнэ 200 мянга орчим доллар бол нэг давхар цахилгаан автобусыг 140 мянган доллар.

Хэзээнээс үйлчилгээнд нэвтрэх юм бэ?

Бид автобусны камеруудыг онлайн системд холбох, тусгай төхөөрөмжүүдээр тоноглох зэрэг бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ долоо хоногийн Бямба гарагаас эхлэн үйлчилгээнд гаргахаар төлөвлөсөн. Одоогоор Замын-үүд дээр орж ирж байгаа. Халдваргүйжүүлэлт энэ тэр гээд яг нарийвчилсан хугацаа хэлэх боломжгүй байна.

Цаашдаа нэмэлтээр автобус захиалах уу?

2020-2023 оны нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд цахилгаан хөдөлгүүрт хэд хэдэн зориулалтын 200 автобусыг энэ ондоо багтаан оруулна, үйлчилгээнд явуулна. Давхар автобусуудыг БНХАУ-аас авахаар захиалга өгсөн. Үүний эхлэл болгож туршилтын дан ногоон, цахилгаан хөдөлгүүрт автобусыг нэг жилийн турш Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явуулсан. Мөн арван ширхэг улаан автобус туршилтаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна. Ингэснээр нэг цэнэглээд хэдэн км явах боломжтойг судалж, автобус цэнэглэх цэгийг хаана байгуулах зэрэг бэлтгэл ажлууд үргэлжилж байна. Мөн дулаалга, халаалт сайн байх, шил, толь нь ямар байх зэрэг өөрийн орны нөхцөлд тохирсон нэмэлт захиалга үйлдвэртээ өгсөн.

-ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР УРЬДЧИЛГАА 20 %-Г, ЗЭЭЛЭЭР
ҮЛДСЭН
80 %-Г ТӨЛНӨ-

  • Засгийн газрын 2018 оны “Агаарын бохирдлыг бууруулах талаар авах арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоол,
  • Засгийн газрын 2018 оны 321 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс авто тээврийн салбарт баримтлах бодлого”,
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр,
  • Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд заасан  зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд

”ЗОРЧИГЧ ТЭЭВЭР ГУРАВ” ОНӨААТҮГазар урьдчилгаа 20 %-г Нийслэлийн төсвийн хөрөнгөөр, 80 %-ийг  Монголын хөгжлийн банк болон Хятадын хөгжлийн банкны санхүүгийн 6 жилийн хугацаат зээлийн эх үүсвэрээр дээрх автобуснуудыг авчирна.