ОХУ-ын ТАСС агентлаг нэгэн мэдээлэлдээ УИХ-ын дарга Н.Учралын танилцуулгыг дурдахдаа түүнийг ОХУ-аас гаралтай цагаач гэр бүлээс угсаатай гэж бичсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын дарга Б.Төгсбаяр уг мэдээлэлтэй холбогдуулан мэдэгдэл хийжээ. Тэрбээр "ОХУ-ын ТАСС агентлагийн нийтлэлд дурдагдсан Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учралын удам угсаа, гарал үүслийн талаарх мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй, алдаатай болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Улсын Их Хурлын даргын намтар, боловсрол, ажил мэргэжлийн талаарх мэдээлэл нь нээлттэй эх сурвалжуудад тодорхой байдаг. Хувь хүний гарал үүслийн талаар ташаа, баталгаагүй мэдээлэл түгээх нь ёс зүйн хувьд зохисгүй үйлдэл. Ийм төрлийн мэдээлэл нь албан ёсны намтар, баримт бичигт огт тусгагдаагүй болно. Бид олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээллийн үнэн зөв байдлыг нягталж, хүний хувийн нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандахыг уриалсаар байгаа. ТАСС агентлаг уг алдаатай мэдээллээ залруулна гэдэгт итгэж байна" гэжээ.