Сөүлийн Төв дүүргийн шүүх БНСУ-ын ерөнхийлөгч асаг Юн Сук Ёлд холбогдох ялын шүүх хурлыг телевизээр шууд дамжуулахыг өнөөдөр /2026.02.11/ зөвшөөрчээ.
Шүүхийн мэдээлснээр, Юн Сук Ёлд холбогдох ялын тогтоолыг энэ сарын 19-ний өдрийн 15:00 цагт танилцуулах бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагууд шүүхийн өөрийн техник хэрэгслээр хийсэн бичлэгийг шууд дамжуулна. Гэхдээ техникийн нөхцөл байдлаас шалтгаалан дамжуулалт саатах боломжтойг анхааруулжээ.
Юн Сук Ёл 2024 оны 12 дугаар сарын 3-нд цэргийн дэглэм тогтоосон үйлдлээр бослого гаргасан хэрэгт яллагдсан юм. Прокурорын зүгээс түүнийг тухайн үеийн Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хён болон бусад албан тушаалтантай хуйвалдан, үндэсний онц байдал үүсээгүй нөхцөлд Үндсэн хуулийг зөрчин цэргийн дэглэм зарласан гэж буруутгаж байгаа ажээ.
Түүнчлэн Юн Сук Ёлыг Үндэсний Ассамблейн ордныг битүүмжлэх, хууль тогтоогчдыг цэргийн дэглэмийг цуцлах санал хураалтад оролцохоос сэргийлэх, парламентын дарга болон эрх баригч, сөрөг хүчний намын удирдагчдыг баривчлах, цагдан хорих зорилгоор цэрэг, цагдааг дайчилсан хэрэгт буруутгасан байна.
Өмнөх шүүх хуралдаанд тусгай прокурорын баг Юн Сук Ёлд цаазаар авах ял оноохыг шаардаж, түүнийг шүүх засаглал болон хууль тогтоох байгууллагын хяналтыг гартаа авах замаар эрх мэдлээ хадгалахыг оролдсон "бослогын удирдагч" хэмээн тодорхойлсон юм.
Энэ нь Юн Сук Ёлын шүүх хурлыг телевизээр шууд дамжуулж буй хоёр дахь тохиолдол болж байгаа аж. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 16-нд шүүх түүнийг мөрдөн байцаагчдын өөрийг нь саатуулах ажиллагаанд саад учруулсан гэх хэргээр 5 жилийн хорих ял оноосон тогтоолыг мөн шууд дамжуулсан. Тэгвэл ирэх долоо хоногийн шүүх хурлын үеэр бослогод гол үүрэг гүйцэтгэсэн хэмээн яллагдсан Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хён, Батлан хамгаалахын тагнуулын командлалын дарга асан Но Сан Вон, Үндэсний цагдаагийн газрын дарга асан Чо Жи Хо, Сөүл хотын цагдаагийн газрын дарга асан Ким Бонг Сик нарт ч мөн ялын тогтоол танилцуулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: Yonhap