Б.Энхбаяр: Хууль зөрчиж төрийн өмчит авто зам эзэмшсэн “Смарт эко транс" ХХК-ийн үйл ажиллагааг эхлүүлэхийг даалгасан тогтоолыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар батлуулсан

Б.Энхбаяр: Хууль зөрчиж төрийн өмчит авто зам эзэмшсэн “Смарт эко транс" ХХК-ийн үйл ажиллагааг эхлүүлэхийг даалгасан тогтоолыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар батлуулсан

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээллээ. 

Тэрбээр, "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хилийн бүсэд газар олгосон, хилийн бүсэд ашигт малтмал, уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа, нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотойгоор зарим компанид хууль бусаар давуу байдал олгож, их хэмжээний ашиг олсонтой холбоотойг нэг багц, гурван дэд асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргасан. Улсын хилээс 900 метрээс 2.5 км-ийн зайтай нутаг дэвсгэр дээр 34227.8 га талбайг нийт улсын хилийн боомтууд дээр олгосон байна. Хилийн тухай хуульд зааснаар улсын хилтэй залгаа байгаа боомт газар нь төрийн өмч, хилийн зурвасаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр тусгай журам тогтоосон байршлыг улсын хилийн бүс гэнэ. Улсын хилийн зурваст хил хамгаалалтын зориулалттайгаас бусад барилга, байгууламж барих, бусад үйл ажиллагаа эрхлэх асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ, улсын хилийн зурваст газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэхийг хориглоно гэсэн заалттай байдаг. Боомтын сэргэлтийн үндэсний хороо гэдэг бүтэц өнгөрсөн засгийн газрын үед ажиллаж байсан. 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр боомтын сэргэлтийн Үндэсний хороо тогтоол гаргаж, хоёр дахь хавсралтаар "Боомтын хөгжлийн корпораци" ХХК байгуулах асуудлыг Засгийн газрын хуралд танилцуулж, батлуулахыг боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга өөрөө өөртөө даалгасан тогтоол гаргасан. Боомтын сэргэлтийн хороо дараа нь дахин тогтоол гаргаж, дээр дурдсан байршлуудыг олгох асуудлаар газрын хэмжээг нарийвчлан тогтоож, Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэхийг мөн өөртөө даалгасан тогтоол гаргасан.

2025 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр сая нэр дурдагдаж байгаа Б.Тулга сайдын Боомтын Сэргэлтийн үндэсний корпораци гэдэг компани байгуулсан.

Улмаар 2025 оны тавдугаар сард буюу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хамгийн сүүлийн хуралдаанаар буюу огцрохоос дөрөв хоногийн өмнө дээр дэрдсан компанийн нэр дээр Монгол Улсын хилийн бүсийн 10 байршилд 34 мянган га газрыг ашиглуулах зөвшөөрөл олгосон. Энэ компани нь төр хувийн хэвшлээр төсөл хэрэгжүүлэх, хориглоогүй бусад үйл ажиллагаа явуулна, боомт дээр барилга багууламж барьж, санхүүжилтийн эх үүсвэр хөрөнгө оруулалтыг татна гэсэн зорилготой компани байна. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар яаж хэлэлцсэн талаар шүүж үзэхэд “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Тулгай сайд” гээд алх цохисон байгаа юм. Ямар ч хэлэлцүүлэг явуулаагүй. Ямар ч асуулт, хариулт явуулаагүй. Энэ боомтуудыг сэргээх, хөгжүүлэхтэй холбоотой газар олгосон гэж байгаа 10 бүсэд боомтуудыг хөгжүүлэх ямар нэгэн ерөнхий төлөвлөгөө байгаагүй. Ямар нэгэн УИХ, Засгийн газраар батлагдсан төлөвлөгөө ч байгаагүй. Үүнийг боомтыг хөгжүүлэх гэдэг нэрээр халхавчилж хууль зөрчин газар олгосон байна гэж үзэж байгаа. Иймд Үндсэн хууль, аюулгүй байдлын үзэл баримтлал, хилийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчиж энэ шийдвэрийг гаргасан байна гэж Засгийн газраар үзэж, хилийн зурваст газар олгсон Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хамгийн сүүлийн шийдвэрийг хүчингүй болгож байна. Үүнтэй холбоотой дараагийн нэг асуудал нь хилийн бүсүүд дээр ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа асуудлыг ХЗДХ-ийн сайд танилцуулсан.

Хилийн хууль зөрчиж, хилийн зурвастай давхцуулж олгосон ашигт малтмалын нийт 54 зөвшөөрлийг олгосон байна. Энэ асуудлыг сая Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд ХЗДХ-ийн сайдад, хууль хяналтын байгууллагын өргөн бүрэлдэхүүнтэйгээр олгосон зөвшөөрөл нэг бүрийг шалгаж, дүгнэлт гаргаж, шаардлагатай тохиолдолд холбогдох, хууль хяналтын байгууллагад шилжүүэлхийг сая үүрэг болгосон.

Энэ олгосон газруудын хамгийн ойр нь улсын хилээс 30 метр. Ингэж Монгол Улсын бүрэн бүтэн байдал, Үндэсний аюулгүй байдалд хор учируулахуйц шийдвэрийг гаргасан байна. Улсынхаа хилийг зарж идсэн байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Засгийн газар нүүрс тойрсон асуудлыг шалгаж байгаа. 2025 оны арванхоёрдугаар сард Ерөнхий сайд “Смарт эко транс” гэдэг компанид гашуунсухайтад эрх олгосон асуудлыг шалгах тогтоол гаргасан. Энэ тогтоолын дагуу Д.Мөнх-Эрдэнэ дэд сайдаар ахлуулсан хяналт, шалгалтын ажлын хэсэг гарч, өнөөдрийн Засгийн хурадаанд дүнг танилцулсан. "Смарт Эко транс" ХХК нь 2023-2025 оны хугацаанд Цагаанхад-Гашуунсухайт чиглэлийн 19 км авто замыг барьж, өнөөдрийг хүртэл хууль зөрчин өөрийн тогтоосон тарифаар уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээврийг явуулж байна. Энэ комипанид зөвшөөрөл олгосон асуудлыг судалж үзэхэд Засгийн газар 2022 оны 95 дугаар тогтоол гаргаж, БНХАУ-тай терминал байгуулах асуудлаар харилцан тохиролцохыг даалгаж, терминал байгуулах төслийг төр хувийн хэвшлээр хэрэгжүүлэхийг даалгасан. БНХАУ-ын эрх бүхий байгууллагатай харилцан тохиролцох арга хэмжээг аваагүй. Мөн дараа нь Смарт эко транс ХХК-ийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулах үйл ажиллагааг эхлүүлэхийг даалгасан байгаа юм. Энэ тогтоолыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар оруулж батлуулсан. Тогтоол гарч байх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан концессын хуулийн дагуу гаргах байсан. Үүнийг нууцын бичиг аваад, тендерийн хуулийг үндэслээд шууд эрх олгож, энэ компанид давуу байдал олгосон байгаа юм. Энэ компани нь 95 дугаар тогтоол гарахаас зургаан сарын өмнө үүсгэн байгуулагдсан бөгөөд Амминералтай нэг өдөр үүсгэн байгуулагдсан компани. Олонд мэдэгдэхээр бол Хэнтий аймгийн харьяат, Баянмонгол хорооллыг барьсан компанийн захирал. Энэ асуудлал Засгийн газрын хуралдаанаар яагаад ингэж хууль зөрчигдсөн байдлаар олгогдсон бэ гээд тэмдэглэлийг үзэхэд тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга мөн Боомтын үндэсний хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан гэх хүн энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд шууд оруулж баталсан байна.

Засгийн газрын тэмдэглэлд анхаарал татсан нэг асуудал бол дээрх компанид тендергүйгээр өгөхдөө 15 жилийн дараа төслийн бүтээн байгуулалт, нийт хөрөнгийг боомтын захиргаанд бүрэн шилжүүлэх гэрээний төслийг боловсруулсан гэж танилцуулсан. Гэтэл гэрээ байгуулахдаа хугацаагүйгээр олгосон байна.

Өөрөөр хэлбэл Смарт Эко Транс компанид хилийн зурвас газрыг хугацаагүйгээр бараг өмч болгоод өгсөн байгаа юм. Хувийн компанид улсынхаа хилийг өгсөн ауудлыг ярьж байна. Үүний дараа 2024 онд 155 дугаар тогтоол гарч, чингэлэг тээвэрлэх зориулалтаар гэж олгосон нөгөө компанидаа мөн жолоочтой тээврийн хэрэгсэл гаргах шийдвэрийг дахиж гаргасан. Энэ компанид давуу байдал олгсоноос хойш 2025 он хүртэл ямар нэгэн газрын эрх олгогдоогүй байсан. Ямар нэгэн газрын зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг ашиглаад давуу эрх эдлээд сууж байдаг компанитай болсон байна. Газрын зөвшөөрөл хэзээ гарсан талаар үзэхэд 2025 оны зургаадугаар сард Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа тушаал гаргаж, газар ашиглах эрхийг олгосон байна. Энэ өдөр нь шинэ Ерөнхий сайдаар Г.Занданшатар томилогддог өдөр. Гурван жилийн турш газрын зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг авсан байсан компани шинэ Ерөнхий сайд томилогддог өдөр амжиж газрынх нь зөвшөрөлийг хууль зөрчиж олгосон байна. Байгаль орчны сайдад Монгол Улсын хилийг ашиглуулах эрх байхгүй.

Нэхийт болон Өмнөговь аймгийн Засаг дарга Энхбат гэх хоёр хүн төрийн өмчийн авто замыг энэ компанид хууль зөрчиж эзэмшүүлсэн. Энэ асуудлаар Өмнөговь аймгийн Засаг дарга албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгадаж байгаа.

Смарт эко компанид хүч түрж, огцрохоосоо өмнө яаран сандран өгсөн зөвшөөрлийг олгсоноор хоёрхон жилийн дотор энэ компани 95.7 тэрбум төгрөгийн ашиг хийсэн. Ийм учраас нүүрсний хулгайн асуудал ямар хэмжээний өргөн цар хүрээтэй асуудал байсан бэ гэдэг нь ил тод болж байна. Энэ компаниудад төрийн өмчийн авто замуудыг ашиглаж, хувьдаа аваад байна гэдэг 14 удаагийн шаардлага хүргүүлж байсан. Гэхдээ хууль хяналтын байгууллага өнгөрсөн хугацаанд хүчтэй хөдөлж байгаагүй. Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдсаны дараагаас л хуулийн байгууллагууд хөдөлж эхэлсэн. Ерөнхий сайд Өмнөговь аймагт ажиллах үеэр энэ этгээдүүдэд албан ёсны эрүүгийн хэрэг үүсгэгдэж байна. Үүнээс цааш харилцаа хамаарал, мөнгө угаалттай холбоотой, гэмт хэргийн шинжтэй асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаж тодорхой болно. Өнөөдрийн Засгийн газрын хурлаар дээрх компанид олгосон газрын хэмжээг мөн хүчингүй болгосон. Мөн энэ компанид ашиглуулж байсан төрийн өмчийн 19 км авто замыг төрд буцааж авах шийдвэрийг гаргалаа" гэв.

ШУУД ҮЗЭХ: