Ерөнхий сайд Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нар 2025 оны 02 дугаар сарын 03-нд тавдугаар цахилгаан станцын төслийн талбайд ажиллаж, 300 МВт-ын хүчин чадалтай уг станцыг 2028 оны тавдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн билээ.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар нэгэн ноцтой мэдээллийг онцолсон юм. Тодруулбал, хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх 34 МВт-ын хүчин чадалтай, Морингийн даваанд баригдах байсан дулааны цахилгаан станцын (ДЦС) төсөл шүүхийн шатанд “гацсан” хэвээр байгааг тэрээр хэллээ. Уг төслийн тендерийн сонгон шалгаруулалтад оролцсон “Нааново Грийн Энержи” ХХК шүүхэд хандсанаар тендерт шалгарсан БНХАУ-ын хөрөнгө оруулагч тал төслөөс татгалзсан бөгөөд үүний улмаас уг төсөл шүүх дээр гацсан хэвээр байгаа аж.
Эргэн сануулахад, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд 35 МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай Морингийн давааны ДЦС-ын төсөл өнгөрсөн оны дундаас олон нийтийн анхааралд өртсөн. Тендерийн сонгон шалгаруулалтад “Нааново Грийн Энержи Монголиа” ХХК, “Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт” ХХК, “Шанхай Эс Юу Эс” ХХК гэсэн гурван компани саналаа ирүүлсэн байдаг. Эдгээрээс БНХАУ-ын “Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт” ХХК шалгарч, харин “Нааново Грийн Энержи Монголиа” ХХК шүүхэд хандсанаар тус төсөл ийнхүү гацсан хэвээр байгаа юм.
“Нааново Грийн Энержи Монголиа” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Ц.Эрдэмбилэг “Бид 2022 онд эрчим хүчний тусгай зөвшөөрөл авсан. Үүний дараа эрчим хүчний төв шугамд нийлүүлэх тарифын үнээ батлуулж, 2024 онд Диспетчерийн үндэсний төвтэй эрчим хүч худалдан авах гэрээ байгуулсан. Ингэснээр төслийг хэрэгжүүлэх бүрэн бэлэн түвшинд хүргэсэн. Тухайн үед нийслэлийн орлогчоор П.Сайнзориг, О.Номинчимэг нар ажиллаж байсан. 2024 оны Эдийн засгийн форумаар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, энэ төслийг орхихгүй гэсэн ойлголт авсан.
Гэтэл нийслэлийн захиргаа уг төслийг Морингийн даваанд өөр компаниар хэрэгжүүлэхээр шийдэж, 2024 оны орон нутгийн сонгуулийн дараа удирдлагууд шинэчлэгдэн, төслийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн дагуу өөр процессоор явуулахаар болсон. 2025 оны эхээр Нийслэлийн Засаг даргын түвшинд Хятадад томоохон арга хэмжээ болж, үүний дараа Хятадын компаниуд Монголд ирж уг төслийг хэрэгжүүлэх талаар яригдаж эхэлсэн. Ингээд 2025 оны эхний улиралд сонгон шалгаруулалтын зар цацагдсан. Сонгон шалгаруулалтад Монголын хоёр, Хятадын хоёр компани оролцохоор болсон ч Монголын нэг компани тодорхой шалтгааны улмаас саналаа ирүүлээгүй.
Гэтэл амралтын өдөр төслийн сонгон шалгаруулалтын ажлын хэсэг хуралдаж, долоодугаар сарын 21-нд биднийг хэлэлцүүлэгт дуудаад сонгон шалгаруулалтаас хассан.
Нийслэлийн орлогч дарга Т.Даваадалайн хэлснээр манай компани журамд нийцсэн материал бүрдүүлээгүй гэх мэдээллийг олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан. Эрчим хүчний холбогдох байгууллагуудаар бүх бичиг баримтаа батлуулсан атлаа нийслэлийн сонгон шалгаруулалтын журмын форматад нийцээгүй гэх үндэслэлээр биднийг хассан. Энэ асуудлаар холбогдох байгууллагад гомдол гаргасан. Хичээж, ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийг ийнхүү хааж, боомилж байвал цаашид хөгжих боломж бидэнд байна уу” хэмээн мэдэгдэж байсан билээ.