СУРВАЛЖИЛГА: Нэгдүгээр эмнэлгийн 5 давхар автозогсоолыг комисс хүлээн авсан ч “удирдлагууд солигдсон” гээд ашиглалтад оруулахгүй байна гэв

СУРВАЛЖИЛГА: Нэгдүгээр эмнэлгийн 5 давхар автозогсоолыг комисс хүлээн авсан ч “удирдлагууд солигдсон” гээд ашиглалтад оруулахгүй байна гэв

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн гадна улсын төсвийн 650 гаруй сая төгрөгөөр эргэдэг авто зогсоол бариад ашиглаж чадалгүй буцаан буулгасан гашуун туршлага бий. Тэгвэл түүний оронд уг эмнэлгийн гадна таван давхар дулаан зогсоол барьж, улсын комисс хүлээн авсан ч ашиглаж эхлэхгүй байгаа талаар бид энэ удаа сурвалжиллаа.

ВИДЕО:

-НЭГДҮГЭЭР ЭМНЭЛГИЙН УДИРДЛАГУУД СОЛИГДСОН УЧРААС ОДООГООР ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ БАЙГАА ГЭВ-

Нэгдүгээр эмнэлэг хотын төвд байрлалтай учраас авто зогсоолын хомсдолтойг хүн бүр мэднэ. Эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд байтугай эмч, ажилчид нь өөрсдөө машинаа байрлуулах зогсоол олно гэдэг тун хэцүү. Тэгвэл үүнтэй холбоотой чихэнд чимэгтэй нэг ажил эхлүүлсэн нь авто зогсоол барих ажил.

2024 оны есдүгээр сард барилгын ажил нь эхэлсэн нэгдүгээр эмнэлэг, эмч, эмнэлгээр үйлчлүүлэгчдийн машинаа зогсоох таван давхар, 132 автомашины багтаамжтай энэ зогсоолын гүйцэтгэгчээр “Магнуссентурион констракшн” ХХК ажилласан бөгөөд 2025 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орох байсан.

Одоогийн байдлаар дулаалга, дотор тохижилт зэрэг бүх ажил нь дуусаж Улсын комисс хүлээн авсан байна. Гэвч өнөөдрийг хүртэл ашиглалтад оруулахгүй байгаа.

Энэ талаар уг авто зогсоолыг харгалзаж байдаг ажилтнуудаас тодруулахад, “Биднээс шалтгаалах бүх ажлаа дуусгаж, Улсын комисс хүлээ авсан. Гэтэл нэгдүгээр эмнэлэг авахгүй байгаа. Удирдлагууд нь солигдож, халаа сэлгээ хийгээд байгаа учраас авахгүй байгаа юм шиг байна лээ. Одоохондоо манайхаас энэ барилгыг харгалзаад байж байгаа” гэсэн юм.

-НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛГИЙН УДИИРДЛАГА ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДӨР СОЛИГДОЖ, Н.ЛХАЖИЙ ТОМИЛОГДСОН-

Тэгвэл саяхан буюу нэгдүгээр сарын 30-нд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, уг эмнэлгийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Бямбасүрэнг ТУЗ-ийн шийдвэрээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, Н.Лхажийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирлаар томилсон. Тэгвэл энэ халаа, сэлгээтэй холбоотойгоор авто зогсоолын барилгыг хүлээж авахгүй байгаа гэх мэдээллийг өгч байгаа юм.

Бид энэ талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгээс тодруулах гэсэн боловч “мэдэх хүн нь Сангтйн яам дээр хуралтай байгаа” гэх тайлбарыг өгсөн. УНТЭ-ээр өдөрт дунджаар гурван мянга орчим иргэн үйлчлүүлдэг. Үүнийг дагаад зогсоолын эрэлт хэрэгцээ их байдаг. Гэтэл хүлээгээд л авчихвал болох таван давхар дулаан зогсоолыг ашиглахгүй байгаа нь ийнхүү анхаарал татаж байгаа юм.