Өнгөрсөн сард Швейцарийн Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн форумын үеэр гадны зарим төлөөлөл манай улсад салбар банкаа нээх хүсэлтийг Сангийн сайд Б.Жавхланд илэрхийлсэн байдаг.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Монгол Улсын санхүүгийн зах зээлд гадны банк, гадны хөрөнгө оруулагч нарыг шинээр оруулж ирэх, өрсөлдөөнийг дэмжих юм. Энэ өрсөлдөөний эцсийн дүнд хэрэглэгч нарт хямд, бага хүүтэй, сайн санхүүгийн бүтээгдэхүүнийг санал болгох ёстой. Тэгэж байж хэрэглэгч нар хожно. Энэ асуудлыг бид маш олон жил ярьж байгаа. Энэ өрсөлдөөнд дотоодын банкууд таатай ханддаггүй. Гэхдээ эцсийн дүнд хэрэглэгч ялах ёстой. Үүнд төрийн зохицуулалт заавал байх ёстой. Хэт хол барууны томоохон банкууд манай зах зээлийг тоохгүй. Бид тэгэж биеэ тоогоод хэрэггүй. Энэ бол амьдралаас хол. Харин Зүүн Европын бүс нутаг болон манай зах зээлд амжилттай ажиллаж байгаа банкуудыг сонирхож урилга өгч, Төв банкныхан ч үүнд идэвхтэй ажиллаж байгаа. Зах зээлдээ сайн ажиллаж байгаа банкууд Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаагаа явуулах хүсэл сонирхлоо илэрхийлж байна. Бид ч мөн шаардлагатай мэдээллүүдийг өгч ажиллалаа. Бидний бодлого нээлттэй гэдгээ танилцуулж ажиллалаа" гэсэн билээ.
Эл форумын дараа УИХ-ын дарга Н.Учрал, Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт нар Унгар Улсын ОТП банкны төлөөлөлтэй цахимаар ярилцаж, Монголд үйл ажиллагаагаа явуулах хүсэлтийг илэрхийлсэн. Мөн БНСУ-ын Элчин сайд Чой Жин Вон УИХ-ын дарга Н.Учралтай уулзаж, Солонгос Улсын банкуудыг Монголд оруулах сонирхолтой байгаа мэдээллийг талархан хүлээн авч, банкны салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулахад анхаарна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм. Цаашлаад Японы банк манай улсад салбараа нээх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Монгол Улсад гадны банк орж ирснээр өрсөлдөөн нэмэгдэж дотоодын банкуудын үйлчилгээ, хүүгийн нөхцөлөө сайжруулах шаардлагатай болно. Зээлийн хүү буурах, хадгаламжийн хүү нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх, дижитал банк, финтек үйлчилгээ сайжирна, олон улсын гүйлгээ, худалдаа илүү хялбар болж, валютын зах зээл илүү тогтвортой болох боломжтой.