УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өнгөрсөн долоо хоногт "Ипотекийн зээлд хамрагдагсдын жагсаалт ил болно. Ипотекийн буюу зорилтот бүлэгт хүрэх нэн хөнгөлөлттэй зээлээр таваас дээш орон сууц авсан 12 мянга гаруй давуу эрх эдэлсэн "иргэд" байгаа гэж мэдэгдсэн. Тэгвэл энэ асуудалд Монголын банкны холбооноос албан ёсны няцаалт мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлд “Ипотекийн зээлээр 5-аас дээш удаа орон сууц худалдан авсан 12,000 иргэн бий” гэх иргэдийг төөрөгдүүлсэн ташаа мэдээллийг албан ёсоор няцааж байна. Монголбанкны эх үүсвэрээр 2013–2016 оны хооронд 1,584 иргэн давхардуулж зээл авсан байна. Таваас дээш удаа ипотекийн хөнгөлөлттэй зээл авсан иргэн огт байхгүй байна. Хөтөлбөрийн журамд 2016 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Засгийн газар болон Монголбанкны эх үүсвэрээр санхүүждэг хөнгөлөлттэй зээлийг нэг иргэн үндсэн зээлдэгчийн хувьд нэгээс дээш удаа давхардуулан авахыг хатуу хориглосон заалтыг оруулснаар олон удаа давтан авах боломж хууль, журмын хүрээнд байхгүй болсон болно.
Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр нь Монголбанкны баталсан холбогдох журам болон Санхүүгийн зохицуулах хорооны давхар хяналтад хэрэгжиж, сар, улирал тутам тайлагнадаг, ил тод, хяналтын тогтолцоотой.
Олон нийтийн сүлжээгээр тараад буй мэдээлэл нь хууль, журам, хэрэгжилтийн бодит байдалтай нийцээгүй, ташаа ойлголт төрүүлсэн худал мэдээлэл болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Сүүлийн үед эрх баригчид бодлого, зохицуулалтын алдаагаа хувийн хэвшилд тохож, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр удаа дараа бизнесийн нэр хүндэд халдаж буй явдалд мэргэжлийн холбооны зүгээс харамсаж байна" гэжээ.
.jpg)